Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо

2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусталх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргалаа. 

Нийслэлийн Баянгол дүүргийн II хороо,  “Ногоон төгөл” хотхонд нэгэн зэрэг таван хүн өөд болсон хэрэг явдлаас үүдэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нийслэлд төдийгүй улс орон даяар нэгдсэн арга хэмжээ эхлүүлж, архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчид болон худалдан борлуулж буй газруудыг шалгаж эхэлсэн билээ. 

Эл хэргийг шалгах, нөхцөл байдлыг хянах үүргээр байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийв. 

Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусталх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан” болохыг танилцуулав. Ингэхдээ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ.

Мөн амиа алдсан хүмүүсийн цогцост хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр таван иргэнийг гадны нөлөөллөөс хордсон болохыг тогтоосон гэлээ.


2017-01-17 15:58:09