П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн

П.Цагаан, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тиймээс түүнтэй цахимаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд биечлэн оролцсон хүний хувьд ямар сонин, содон зүйл анзаарав. Ер нь тангараг өргөх ёслол ямар уур амьсгалтай болсон гэж та үзэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намын нэр дэвшигч маш ширүүн өрсөлдсөн. Гэвч бие биедээ баяр хүргэж, тайван замаар засгийн эрхийг нэг намаас нөгөөд шилжүүлдэг уламжлалыг харуулж чадлаа. Хоёрт, өмнө нь төрд огт ажиллаж байгаагүй хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энд янз бүрийн уур амьсгал үүсгэж байх шиг. Тангараг өргөх ёслолын үеэр болон тангараг өргөсний дараа ч эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсоор байгаа нь үүнийг илэрхийлж байна. Өнөөдөр ч өчигдөр 200 мянган эмэгтэй “Трамп манай ерөнхийлөгч биш” гэж жагсаал хийж байна. Тэд хуулийн хүрээнд, тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийллээ. Гэхдээ ардчиллын зарчмаар сонгогдсон ерөнхийлөгч цаашид ажлаа хийгээд явах нь ойлгомжтой.

-Та ерөнхийлөгч Доналд Трампын хэлсэн үгэнд ямар дүгнэлт хийв?

-Доналд Трамп шинээр зам, гүүр, онгоцны буудал олныг барина. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулна, АНУ-ыг дахин хүчирхэг болгоно. АНУ-ын эрх ашгийг нэгдүгээрт тавина. Өөрийн хил, өөрсдийнхөө иргэнээ хамгаалж чадахгүй хэрнээ өрөөлийн иргэдийг хамгаалж байгаад нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Ер нь түүний хэлсэн үгнээс харахад зогсонги байдалд ороод байсан нийгмийг эрс өөрчлөх шинэ удирдагч гарч ирж байж магадгүй гэж бодогдлоо. Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хууль буюу Обама кэйрийг эдийн засагт дарамт болж байна гэж үзэж үүнийг өөрчлөх зарлигт анхны гарын үсгээ зурлаа. Ер нь дотоод болон гадаад бодлогодоо эрс өөрчлөлт хийх төлөвтэй. Тангараг өргөх ёслолд оролцсон шашны зүтгэлтэн ч “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн.

-Та ямар шугамаар оролцсон бэ. Монголоос хэдэн зочин оролцсон бол?

-Би хувь хүний хувьд уригдан оролцсон. АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдаж оролцоно гэдэг их хүндэтгэл гэж ойлгож байгаа. Гэхдээ хувь хүний биш Монгол Улсын эрх ашигт нийцэх харилцаатай байх нь чухал. Ер нь АНУ гадаад дотоод бодлогодоо шүүмжлэлтэй хандаж, гадаад тусламжаа багасгаж, НАТО-гийн бодлогоо ч эргэж харна гэж байна. Ийм үед монголчууд дэлхийн том гүрэнтэй улс үндэстнийхээ эрх ашигт нийцэхүйц харилцаа холбоо тогтоож хөгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй.


2017-01-23 14:10:40