Амьдралыг гийгүүлэгч эрчим хүчийг ухаалаг сүлжээнд шилжүүлэх шийдэл хайж байна

"Энержи Монголиа 2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн Corporate Convention Center-т тавдугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд олон улсын хурлыг зохион байгуулж байна. Гурав дахь удаагаа болж байгаа “Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд  болон дотоод, гадаадын компаниуд оролцож байна. 

Энэхүү олон улсын хуралд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятад, Швейцарь, Герман, Орос, Тайланд, Америк, Солонгос, Бельги, Австрали, Япон, Канад гэх мэт улсуудын хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгчид оролцож, үзэсгэлэнд үйл ажиллагаагаа танилцуулав.

Олон улсын хурлын үеэр Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага, Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, Эрчим хүчний хэмнэлт болон Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд, агаарын бохирдлыг бууруулах сэдвээр ярилцаж байна.

Үдийн өмнөх хуралдааны нээлтэнд Эрчим хүчний дэд сайд, доктор Т.Гантулга “Монгол Улсын эрчим хүчний салбарын 95 жилийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр эрчим хүчний системийг зөв хөгжүүлэх суурь нь түүний зах зээлийг зөв чиглүүлэх явдал гэж онцлоод тус салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлэх шаардлагатай гэв.

Мөн цааш нь Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Чойбалсангийн ДЦТ-ын өргөтгөл”, Төвийн бүсэд хэрэглээний өсөлтийг хангах шинэ ДЦС барих төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдврүүдийг хэрэгжүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд “Эгийн голын усан цахилгаан станц”, нар, салхины төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж ярив. Түүний илтгэлийн нэг гол дэвшилт санал нь Монгол Улс бүс нутгийн улс орнуудтай тулгамдаж байгаа асуудлуудаа хамтран шийдвэрлэж, хөгжих чиг хандлагийг баримтлаж, хамтын ажиллагааны олон хэлбэрт санаачлагуудыг хэрэгжүүлж эхэлсэн тухай юм. Үүнд, “Дэлхийн эрчим хүчний нэгдсэн эрчим хүчний сүлжээ”, “Азийн супер сүлжээ”, “Говитех”, “Шелковый путь” зэрэг төслүүдийн хүрээнд хөрш орнуудтай хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгааг тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүд  сэдвээр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж илтгэл тавилаа. Түүний ярьснаар Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ олон улсын санаачлага, дэлхийн эрчим хүчний нэгдсэн системийн дэвшилтэт санаачлага болон Шивээ-Овоо цахилгаан экспортлох цогцолборын төсөлд онцгой анхаарч ажиллах нь чухал болжээ.

Харин "Дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлийг Монголд нэвтрүүлэх сэдвээр “Монхурс интернэшнл” ХХК-ний эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагва тун сонирхолтой илтгэл тавьж, олны талархал хүлээв.

Б.Батлхагва илтгэлээ маш чадварлаг бөгөөд сонирхолтой жишээгээр тайлбарлахдаа “Дэлхийн эрчим хүчний техник технологийн хөгжилд ямар түвшинд очоод байна вэ, Монгол Улсын одоогийн байдал ямар түвшинд байна вэ. Бид цаашид Монгол Улсын Эрчим хүчний системийг ухаалаг систем болгож хөгжүүлэх, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудын талаар та бүхэнтэй өөрсдийн санал бодлоо солилцохыг хүсч байна. Дэлхийн улс орнууд эрчим хүчний ухаалаг сүлжээ рүү шилжих процесс сүүлийн жилүүдэд маш хурдацтай явж байна. Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, ногоон, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний системийг бий болгохын тулд одооноос цаг алдалгүй, олон улсын стандартыг нэвтрүүлэх, техникийн нөхцөл болон шаардлагуудад тодорхой зааж өгснөөр ухаалаг сүлжээ рүү шилжих үед хөрөнгө оруулалтын хэмжээ бага шаардах болно” гэж онцолж мэдэгдлээ. Түүний дэвшүүлсэн гол санаа нь шийдэл, инноваци, цахилгаан хангамж, дижитал дэд станц, тоон дэд станц, ухаалаг сүлжээ, дэд станцыг хөгжүүлэх нь илүү чухал болж байна. Тэрээр эрчим хүч хадгалах төхөөрөмж, хотхон, хорооллуудын цахилгаан  хангамжийн дэвшилтэт шийдэл, гэр хорооллын цахилгаан хангамжийн хүчдлийн түвшинг ихэсгэх зэрэг нийт найман чиглэлийг хөндөж ярьсан.

Үүний дараа Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал илтгэхдээ эрчим хүчний хэмнэлт гэдэг асуудлыг нэгэнт ямар ч хүн ойлгох боломжтой болжээ. Харин ямар арга замаар, ихээхэн хэмнэлтийг бий болгох вэ гэдэг л илүү анхаарал татаж байна хэмээн тэмдэглэв. Тэрээр "Монгол Улсын эрчим хүчний салбар дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар нь нийт 146 орноос 36,7 оноогоор 107 дугаар байрт орсон байна. Эрчим хүчний холимгийн чанар, байгаль орчинд нөлөөлөх байдал, хөрөнгө оруулалтын орчин зэрэг нь дэлхийн дунджаас бага байгаа юм" гэв.


Гэрэлгүй, эрчим хүчгүй бол энэ дэлхийн амьдрал түнэр харанхуй бөгөөд унтамхай байдалтай болох буюу. Тиймээс Монголд эрчим хүчийг хөгжүүлэх, хэмнэлтийг зохистой хэрэглэхэд ямар шинэ шийдэл, арга зам байгааг энэхүү олон улсын чуулга уулзалтаар зүг чигээ гаргаж  байна.

Б.Баярмаа

 


2017-05-17 19:34:46