Б.Батжаргал: Дахиад 23 мянган айлд ухаалаг тоолуур тавихаар төлөвлөж байна

“Энержи Монголиа 2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн Corporate Convention Center-т хоёр дахь өдрөө боллоо. Энд бүтээл, бүтээгдхүүнээ дэлгэсэн  компаниудаас "Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ" гэж бичсэн уриатай компани тод харагдлаа.  Тэдний эрчим хүчний салбарт нэвтрүүлсэн ажлуудтай хүмүүс ихэд сонирхож байв. Энэ бол эрчим хүчний шинэлэг технологи, инновацийн шийдлийг нэвтрүүлж, шилдэг оюуны бүтээлээр шалгарч байсан Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани юм байна.Тус компанийн дэд захирал Б.Батжаргалтай компанийн эрчим хүчний шилдэг инновацийн талаар хором зуур ярилцлаа. Тэрээр 2009 оноос одоог хүртэл тус компанийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр ажиллаж байна.

 -Танай компанийн хамгийн сонгомол инновацийн талаар сонирхуулна уу?

-Цахилгааны дулааныг түгээх сүлжээний ухаалаг системийн загврыг манай компани гаргаж, хэрэгжүүлж байгаа юм. Энэ загвар нь 11 систем, программ хангамжаас нийлсэн инновацийн цогц бүтээл болсон. Жишээ нь, ухаалаг тоолуурын систем, камерын хяналтын систем зэрэг маш олон систем бий. Энэ системийн дагалдах хэсэг нь ухаалаг тоолуурын системийг өргөн хэрэглэж байна.

-Монгол Улсын иргэд ухаалаг системийн тоолуурыг өргөн хэрэглэх боломжтой юу?

-Бид 2012 оноос энэ системийг нэвтрүүлж эхэлсэн. 2013 онд оюуны шилдэг бүтээлийн патент авсан.

-Аль аймгуудад нэвтрүүлсэн бэ?

-Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүрэн хэмжээгээр, Зүүн аймгуудын хойд талын зургаан сум ухаалаг тоолуур ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар 23 мянган ухаалаг тоолуур ажиллаж байна.

-23 мянган айл өрх гэсэн үг үү?

-Тийм. Дахиад 23 мянган айлд ухаалаг тоолуур тавихаар төлөвлөж байна.

-Ямар компанитай хамтарч энэ ухаалаг тоолуурын системээ үйлдвэрлэж байгаа юм бэ?

-Манай компани өөрсдийн оюуны бүтээл болсон ухаалаг тоолуурын системийг үйлдвэрлүүлэх гэж маш олон үйлдвэрлэгч хайж явж байсан. Монголд тоолуур үйлдвэрлэгч байхгүй. Ингээд Гонконгийн хойгийн Хятадын бүс Шинжин Голу компанитай хамтын ажиллагаа тогтоож Монголын бүтээлийг үйлдвэрлэж байгаа.

-Танай компани сүүлийн байдлаар бүтээн байгуулалтын ажилдаа хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани 2016 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 7.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага , арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор нь шийдсэн. Мөн 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур сумдад нийт 16600 гаруй ухаалаг тоолуурыг суурилуулсан.

 Б.Баярмаа


2017-05-18 14:45:01