Б.Батлхагва:  Одоо эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байгаа

 

Дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр "Энержи Монголиа 2017" эрчим хүчний салбарын олон улсын хуралд олон жишээгээр тайлбарлаж, дэвшилтэт саналыг хөндөж ярьсан. Тэр хүн бол “Монхурс интернэшнл” ХХК-ний эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагва юм. Түүнтэй Монголын эрчим хүчний өнөөгийн байдлын талаар ярилцав.

 - Таны эрчим хүчний чиг хандлагыг хөндөж тавьсан илтгэл их сонирхолтой болсон. Монголын эрчим хүч дэлхийн чиг хандлагатай хаьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Монголын эрчим хүчний тухай хууль, дүрэм хуучнаараа хэрэгждэг. Тиймээс хуучин технологийн шийдлүүдийг эрчим хүчний салбарт маш их хэрэглэж байгаа. Энэ салбарт шинэ зүйлийг оруулж, өөрчлөх гэхээр хууль нь хаалт болж байна. Үүнийг эвдэж, шинэчлэхийн тулд бид “Энержи Монголиа 2017" эрчим хүчний олон улсын хурлыг зохион байгуулсан юм.

 -Таны дэвшүүлсэн санааны гол онцлог юу вэ?

-Монголын эрчим хүчийг дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцүүлье, дэвшилтэт технологийг оруулж ирье, хөрөнгө  оруулалтыг дэмжье гэсэн гол саналыг дэвшүүлсэн. Манайд өнгөрсөн үед ашиглагдаж байсан хуучирсан хууль дүрмийн  хүрээний эрчим хүчний шийдлүүд маш их өндөр үнэтэй байдаг. Жишээ нь,  14,4 тэрбум төгрөгийг цахилгаанд зарцуулах шаардлагатай болдог. Энэ нь төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсийг хүнд байдалд оруулж байна. Үүнийг хямд үнээр мөртлөө найдвартай ажиллагаатай яаж шийдэх боломж байна вэ гэдэгт эрэл хайгуул хийсэн санаагаа дэвшүүллээ.

-Монголын одоогийн эрчим хүч ямар байдалд хүрээд байгаа юм бэ?

-Монголын эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж маш их хуучирч, хоцрогдсон. Энэ нь найдвартай ажиллагааны түвшинг 100 хувь хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Шинэчлэлтүүд зайлшгүй хийх шаардпагатай болж байна.

 -Сүүлийн жилд энэ салбарт их ажил хийгдэж байгаа гэдэг?

-Хэдийгээр сүүлийн жилд маш их ажил хийгдэж байгаа ч дэлхийн хөгжлийн хурдаа гүйцэхгүй байна. Хурдаа гүйцэж байж шинэчлэлт хийгдэх ёстой шүү дээ. Монголын эрчим хүчний хэрэглээ асар хурдан, огцом нэмэгдэж байна. Монголд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хувийн компаниудын шаардлага өндөрсч байна. Бид үүнтэй хөл зэрэгцэж, нийлэн алхах ёстой. Гэтэл Монголын эрчим хүчний систем тогтворгүй байгаа тул найдвартай үйл ажиллагаатай, тогтвортой системтэй болгох нь нэн чухал юм.

 -Монголд маш их байшин барилга баригдсан. Тэр бүгдэд эрчим хүчний хүчин чадал хэр хүрэлцээтэй байдаг юм бол. Нөөц гэж байна уу?

- Монгол Улс одоо эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байгаа. Хэд хэдэн өргөтгөлийн ажлууд цахилгаан станцад хийж, шинэ төслүүд нь хэрэгжиж байж энэ хэрэгцээг хангаж чадна. Эрчим хүчний систем дор хаяж 10,20 хувийн нөөц, чадалтай байх ёстой. Гэтэл Монголд одоо ийм чадал байхгүй. Тэгэхээр энэ нь аюултай. Өвлийн улиралд хаа нэг газар нэг л цахилгаан үүсгэвэр зогсоход бид хөлдөх байдалд хүрч болзошгүй  болно. Иймээс манай эрчим хүч маш хурц байдалтай байгаа гэсэн үг.

 -Цаашид энэ хурц байдлаас гарахын тулд ямар шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ?

-Хуучин, нас нь дууссан, ажиллагаагүй болж байгаа том чадлын, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг заавал солих шаардлагагүй. Харин тэр тоног төхөөрөмжүүдэд хяналтын системийг нэвтрүүлж, онлайнаар шууд хянаад явбал бүр илүү удаан хугацаанд ашиглах боломжтой. Том тоног төхөөрөмжийн насжилт дуусч байгаа хэдий ч  ашиглалт нь сайн бол 30-40 жилээр ашиглаж болно.

 Б.Баярмаа

 


2017-05-18 18:44:38