Солонгосын “КОТРА” корпораци монголчуудтай бизнес уулзалт хийлээ

 

Энэхүү бизнес уулзалтанд Солонгос улсаас худалдааны олон чиглэлийн компаниуд хүрэлцэн, ирж Монголын талын бизнес эрхлэгч болон хувь хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.  Жишээ нь, ахуйн хүрээнд хэрэглэдэг бүх төрлийн алчуур, гоо сайхны болон эрүүл ахуйн бүтээгдэхүүн, мөн сав суулга гэх мэт төрлийн бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн байна.

Энэ үеэр Улаанбаатар хот дахь “КОТРА Улаанбаатар” гадаад худалдааны  төлөөлөгчийн газрын  төслийн  менежер Д.Чинзоригоос хоёр орны бизнес эрхлэгч, иргэдийн хамтарсан бизнес уулзалтын чиг хандлагын талаар тодруулахад “Манай төлөөлөгчийн газар нь 2013 онд байгуулагдсан. Жилд 3-4 удаа энэхүү бизнес уулзалтыг зохион байгуулдаг. Ер нь Солонгос, Монголын бизнес эрхлэгчид болон иргэд хоорондоо санал солилцоод, хамтарч ажиллаж байгаа хүмүүс нэлээд байгаа байх.

Манай байгууллага энэхүү уулзалтаар тэдний бизнес уулзалт, хамтын ажиллагааг албажуулж, баталгаажуулж,бүртгэж авдаггүй. Бид ашгийн бус төрийн байгууллага учир ямар нэгэн ашиг хонжоо хайж компаниудаас хувь шимтгэл ч авдаггүй. Тиймээс тухайн компанийн төлөөлөл, иргэдийн хоорондхи бизнес уулзалтыг судалдаггүй юм. Харин энэ удаагийн бизнес уулзалтанд Солонгос улсаас 10 гаруй компани оролцож байна” гэж хэллээ.

“КОТРА” нь БНСУ-ийн Гадаад Худалдаа Хөрөнгө Оруулалтын Газар нь 1962 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн  санаачлагчаар байгуулагджээ. Өдгөө 52 жилийн түүхийг хуримтлуулсан байгууллага болсон байна. 


2017-09-26 19:23:50