УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагатай уулзлаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр/2017.11.30/ үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагатай уулзалт хийлээ. Мөн тус уулзалтад яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх, сайдын орон тооны бус зөвлөх Р.Батгэрэл нар оролцсон юм.

Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Паркуудын үйл ажиллагаа эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байгаа нь манай улсын эдийн засгийн хүндрэл болон гадна, дотны хөрөнгө оруулагчдын идэвхи буурсантай холбоотой. Мөн үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдийг эргэн харах, паркийг хөгжүүлэх бүс нутгуудын нөхцөлд дүн шинжилгээ хийх, гадны туршлага, технологийг судлах шаардлагатайг харуулж байна” гэв.

Түүнчлэн уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийг бусад салбаруудыг жигд хөгжүүлэхэд үр ашигтай зарцуулах, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх зарчмыг баримталж буйгаа хэллээ.

Паркуудын үйл ажиллагааг зөвхөн үйлдвэрлэл технологи гэсэн өнцөгөөс бус нийгмийн ач холбогдлын талаас нь харвал энэхүү бодлогыг хэрэгжүүлсэнээр 10 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох тооцоо гарсан тухай дуулгав.


2017-12-01 12:11:22