2017-12-05 Б.Алтантулга: Он гараад 135 мянган ээж “ЦАЛИН”авна

Засгийн газраас санаачилсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжихэд бэлэн болоод байна. Энэ хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Нялх хүүхэдтэй ээжүүд ямар ч гэсэн мөнгө авна гэсэн хүлээлттэй болчихсон. Харин хэзээнээс яаж хэрэгжих нь тодорхойгүй байна. Та энэ бүхэнд хариулт өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.3.14-т 0-3 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ, өрх толгойлсон эх, эцгийн нийгмийн хамгааллыг сайжруулна гэсэн зорилт тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын 2017 оны 06.30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эх, олон хүүхэдтэй эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуулийг баталсан. Уг хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

-Хууль хэрэгжсэнээр хэдэн мянган эх, эцэг хамрагдах вэ?

-Энэ ерөнхий хуулийн хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмж олгогдоно. Эхнийх нь жирэмсэн эхийн тэтгэмж. Үүнд жилд ойролцоогоор 98 орчим мянган эх хамрагдана гэж тооцсон. Жирэмсний таван сартайгаас төрөх хугацаа хүртэл сар бүр 40000 төгрөг олгоно. Дараагийнх нь 0-3 хүртэлх настай хүүхдээ гэртээ хардаг 135000 ээжид сар бүр 50000 төгрөг олгоно. Гурав дахь нь ихэр хүүхдийн тэтгэмж. Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүр нэг, нэг сая төгрөг, гурав болон түүнээс дээш ихэр хүүхдэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрийн тоогоор гурван сая төгрөг олгоно. Дөрөв дэх нь 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эцэгт улирал тутамд 240 мянган төгрөг олгоно. Жилд дөрвөн удаа олгоно.

-Эдгээр тэтгэмжид нийтдээ хэд орчим тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бэ?

-Дээрх дөрвөн төрлийн тэтгэмжийг хэрэгжүүлэхэд нийтдээ 96.8 тэрбум төгрөг хэрэгтэй гэж тооцоод улсын төсөвт суулгасан. Нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих тул Засгийн газрын 12 дугаар сарын хуралдаанд холбогдох яамнаас хүргүүлсэн журмын төслийг хэлэлцээд батална. Хаана, ямар банкаар дамжуулан ямар шаардлага хангасан хүмүүст олгох вэ гэдгийг нь Засгийн газраас батлах журмын дагуу шийднэ.

-Өмнө нь хүүхдийн мөнгө олгоход явуулж байсан шиг өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой, доогуур орлоготой бол олгоно гэсэн гэх мэт янз бүрийн мэдээллүүд нийгэмд цацагдаж эхэллээ. Ийм судалгаа, шалгуур байх юм уу?

-Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдсан байх шаардлагагүй. Ийм судалгаа, тооцоо хэрэггүй. Харин оршин суугаа хаягтаа байнга байдаг байхыг чухалчилна. Мэдээж тэтгэмж авах гэж байгаа бол зохих журмын дагуу болзлуудыг хангасан байх ёстой. Жирэмсэн бол эмчийн хяналтад тогтмол хамрагдсан байх, бага насны хүүхэдтэй бол өрх хорооны засаг даргын тодорхойлолт авах, хүүхдийн төрсний гэрчилгээгээ үзүүлэх гэх мэт энгийн шаардлагууд байх нь зүй юм.

Арилжааны банкаар олгох уу, тухайн нийслэл, дүүрэг, аймгуудын халамжийн хэлтсээр дамжуулан олгох уу?

-Хөдөлмөр үйлчилгээний Ерөнхий газартай гэрээ бүхий Хаан, Капитал, Төрийн гэсэн арилжааны гурван банкаар олгоно.

-96,8 тэрбум төгрөг бол зөвхөн 2018 оныг дуустал олгох мөнгө. 2019, 2020 онуудад мөн адил үргэлжлэх үү?

-2018 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын 31 хүртэл л олгоно. Энэ хугацаанд 96,8 тэрбум төгрөг шаардлагатай гэж Засгийн газраас баталсан. Дараа жилүүдийн төсөв хэлэлцэхэд шаардлагатай санхүүжилтийг мөн адил төсөвлөөд явна. Дээрх дөрвөн тэтгэмжээс хоёр нь бол одоо хэрэгжиж байгаа.

-Жирэмсэн эхчүүдийн тэтгэмж гэдгийг нь сайн мэдэж байна. Нөгөө нь юу вэ?

-Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд ихэр хүүхдийн тэтгэмж болон жирэмсэн эхчүүдийн тэтгэмж нь хэрэгжиж байгаа. Жилд ойролцоогоор 80000 эх амаржиж, шинэ хүн хорвоод мэндлэхэд 1000 нь ихэр хүүхэд байдаг. Ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээ нь жилд 1,7 тэрбум төгрөг. Жирэмсэн эхчүүдэд 42 тэрбум төгрөг олгогдож байгаа.

-Шинээр олгогдох хоёр тэтгэмжийг иргэд хэрхэн авах вэ?

-Харьяа аймаг, сум, баг, хороо, дүүргийнхээ халамжийн хэлтэст өргөдөл, хүсэлт гаргана. Иргэний үнэмлэх, цээж зураг, хорооны даргын тодорхойлолт гэх мэт холбогдох барим бичгүүдийг бүрдүүлнэ. Эцэг эхэд олгох тэтгэмжийг авах иргэд сум хороо бүрт байдаг амьжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн шийдвэрт үндэслээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх хэмжээний мөнгөө авна.

-Нэг зүйлийг тодотгож асууя. Хүүхдийн мөнгийг энэ оны дуустал олгохоор болсон. 2018 онд нийт хүүхдийн хэдэн хувь нь хасагдаж байгаа вэ. Нийт хүүхдийн 60 хувьд, 80 хувьд олгоно гээд яригдаад байсан. Яг яахаар тогтсон бэ?

-2017 оныг дуустал хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгохоор болсон. 11 сарын гүйцэтгэлээр 1045000 хүүхэд мөнгө авсан. 2017 оны төсөв анх 167,5 тэрбум төгрөг тусгасан. Сүүлд тодотголоор 104,5 тэрбум төгрөг нэмж суулгасан. Нийтдээ 2017 онд нийтдээ 272 тэрбум төгрөгийг нэг сая, 45000 хүүхдэд сар бүр 20000 төгрөг хэлбэрээр олгосон. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдэд олгосон. 2018 оноос хойш зорилтод бүлгийн 60 хувьд олгоно. Ойролцоогоор 650000 гаруй хүүхдэд 164.2 тэрбум төсөвлөсөн.

-Үлдсэн 40 хувьд ор тас олгохгүй юм уу, эсвэл нэрийн данс үүсгээд сүүлд нь олгоно гэдгээрээ явах уу?

-2018 онд зорилтод бүлгийн хүүхдүүддээ л олгоно. 80 хувьд нь олгоно гэж Сангийн сайд мэдээлэл өгсөн ч эцсийн шийд гараагүй. ОУВС-гийнхан шийднэ.

эх сурвалж: http://ulsturch.mn


2017-12-06 02:50:27