Оны онцлох тамирчид: Улсын арслан Цэдэвийн Содномдорж

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын харцага Цэдэвийн Содномдорж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цолтноор тодорлоо.

Өнөө цагийн шилдэг бөхчүүдээс хаяж давж үзээгүй бөх байхгүй түүнийг бөхөд хайртай ард түмэн хэзээ түрүүлэх болоо хэмээн олон жил харсан биз ээ.

Энэ жилийн хувьд Со арслангийн хувьд одтой жил байсан. Түүнтэй уулзсан бөх сонирхогч бүхэн "Чиний түрүүлэх цаг одоо болсон доо" хэмээн хэлж байсан талаар тэрбээр шагналын машины авах үедээ хэлж байсан билээ. Түмний үгийг зөгнөх мэт энэ наадам түүнд маш ээлтэй байсан юм. Гол өрсөлдөгч бөхчүүд нь 4 болон тавын даваанд унасанаар Со-гийн түрүүлэх зам нээлттэй болсон. Тэрбээр 3-д Улсын харцага Т.Амартүвшинг, 4-ийн даваанд амйгийн арслан О.Гантулгыг, тавын даваанд Улсын начин Л.Цэрэнтогтохыг, зургаагийн даваанд шинэ начин Г.Ганжадыг, долоогийн даваанд аймгийн арслан М.Бадарчийг, наймд Улсын харцага Н.Жаргалбаярыг амлан авч өвдөг шороодуулсанаар түрүү булаалдах даваанд шалгарсан юм.

Өмнө нь улсын наадамд гурвантаа учраа таарч байсан Улсын харцага Ө.Бат-Оршихийг давсанаар олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. Улсын наадамд хамгийн сүүлд хоймор нутгийн хүчтэн Хадбаатарын Мөнхбаатар 2007 онд түрүүлсэн бөгөөд арван жилийн дараа түрүү бөх тодорсон нь энэ байлаа. Мөн Их шөвөгт дөрвөн харцага цолтой бөх шалгаран үлдсэн нь энэ наадмын онцлох сонин байсан билээ.

Со арслангийн аав нь Хөвсгөлийн хүн бол ээж нь Төв амйгийн Алтанбулаг сумын хүн аж. Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ( Монгол улсын начин)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан бөгөөд энэ жил Арслан цолтон болоод байна.

Ид барилдаж буй бөхчүүдээсээ хамгийн их дэмжигчтэй бөх бол мөн л Цэдэвийн Содномдорж юм. Шинэхэн арсландаа ирэх жилүүдийн наадмаар улам сайн барилдаж Аварга болохын ерөөл хүсье.


2017-12-07 13:18:18