Агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ

НҮБ-аас дэлхий дээр нэгээс доош насны 17 сая хүүхэд хорт агаараар амьсгалж буйн улмаас тархины хөгжил нь эрсдэлд ороод байгаа талаар анхааруулсныг ВВС агентлаг мэдээлжээ.

Өмнөд Азийн хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их нэрвэгдэж буй бөгөөд аюулгүйн түвшнээс 6 дахин их бохир бүс нутагт 12 сая хүүхэд амьдарч байгаа аж. Тэднээс дөрвөн сая нь Зүүн Ази, Номхон далайн эрсдэлт бүс нутагт буй юм байна. "Unicef"-ээс “Агаарын бохирдол нь тархины эдийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна” гэж мэдэгджээ.

Мөн тус байгууллагаас "Дэлхийн хотууд улам өргөжин тэлэхийн хэрээр зохистой хамгаалалт болон бохирдлыг бууруулах арга хэмжээ авахгүй байгаагаас ирэх жилүүдэд илүү олон хүүхэд эрсдэлд орох болно" гэж мэдэгдсэн байна. Иймд маск зүүж, агаар шүүгч систем өргөн хэрэглэх, хүүхдийг бохир агаарт гаргахгүй байх шаардлага тулгарч буйг дурджээ.

Өнгөрсөн сард Энэтхэгийн нийслэл Дели хотыг хорт утаа бүрхэж, улмаар "хийн танхим" гэж нэрлэгдэхэд хүргэсэн билээ. Тус хотын зарим сургуулиуд хаагдсан боловч дахин хаалгаа нээсэн нь эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг үл тоомсорлож байна хэмээх шүүмжлэлд өртсөн. Хойд Хятадад агаарын бохирдол нь дундаж наслалтыг гурван жилээр бууруулж буй тул тус улсын засгийн газраас компаниудад нүүрсхүчлийн хийн ялгаралтын хэмжээг бууруулахыг хатуу анхааруулжээ.

Африкийн хотуудад ч энэ асуудал улам бүр нэмэгдэж буй ажээ. Лондоны эрдэмтэд судалгаагаар Англи хотын агаарын бохирдлын улмаас нялх хүүхдийн эндэгдэл нэмэгдэж, бага жинтэй хүүхэд төрж буйг тогтоосон байна. 


2017-12-07 16:58:58