Яагаад фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг вэ?

Олон лайктай Фэйсбүүк хуудастай хэдий ч хийсэн постууд цөөхөн хүнд л хүрэх юм, одоо яах вэ гэсэн асуултууд хүмүүс байнга асуудаг тул энэ нийтлэлийг бичиж байна. Яагаад ийм байдалд хүрсэн юм бол? Шийдлүүд юу байж болох вэ?

Фэйсбүүкийн органик хүрэлт (англиар organic reach) сүүлийн хоёр, гурван жил эрс буурч байгаа. Органик хүрэлт гэдэг нь мөнгө төлж сурталчилгаа хийлгүйгээр хүрэх хүний тоо. Танай фэйсбүүк хуудасны фэнүүд буюу лайк дарсан хүмүүс 100,000 байлаа гэж бодъё. Тухайн пост мөнгөгүйгээр 7,000 хүнд хүрч байвал органик хүрэлт нь 7,000 буюу нийт лайкны 7% байна гэсэн үг. Алдарт Ogilvy компани 2014 онд Фэйсбүүкийн органик хүрэлт цаашид тэг рүү тэмүүлнэ гэсэн нийтлэлээ гаргасан нь хуудасныхаа лайкын тоог идэвхтэй өсгөж байсан маркетеруудыг шоконд оруулсан хэдий ч бодит үнэн байсан. Органик харагдац 5% хүртэл буурсан гэсэн статистик тоонуудыг олж харж болно.

Фэйсбүүк биднийг хулхидсан уу?

Гэвэл бас үгүй. Өнөөдөр Фэйсбүүк дээр маш олон контент тавигдаж байна. Хүмүүс, хуудсууд, группууд дээр гэх мэт. Би 1,000 найзтай, хэдэн зуун хуудас лайк дарчихсан, бас хэдэн арван группт байгаа гэж бодъё. Эдгээрээс өдөрт надад харагдаж болох 2,000 пост хийгддэг, би харин өдөрт 100 пост л үзэж харах цагийг Фэйсбүүк дээр зарцуулдаг бол аль 100-г нь Батзоригт харуулах вэ гэсэн сонголтыг Фэйсбүүк хийхээс өөр аргагүй гэсэн үг.

Тэгвэл олон лайктай хуудастай байх хэрэггүй юм уу?

Хэрэгтэй. Дараахь хэд хэдэн шалтгаанаар Фэйсбүүкийн хуудасныхаа лайкын тоог өсгөх нь ач холбогдолтой:

Тодорхой хувьд нь хүрэх тул илүү олон лайктай бол олон хүнд органикаар хүрэх боломжтой.

Олон лайктай гэдэг танай брэндийн престижийг илэрхийлж болно.

Зорилтот хэрэглэгчдийнхээ маш сайн бүлгийг үүсгэж байна гэсэн үг. Фэнүүд рүүгээ чиглүүлэн бүүст хийснээр борлуулалтаа өсгөх боломжтой. Энийг Boost товчийг дараад хялбархан хийчихэж болно.

Өөрийн зорилтот хэрэглэгчдийн демографик болон зан үйлийн мэдээллүүдийг олж мэдэх боломж өгдөг. Жишээ нь: Page Insights дотроос нас, хүйс, байршил гэсэн ерөнхий бүтэц харж болдог бол Audience Insight дотроос танай фэнүүд ямар төхөөрөмжнөөс голдуу Фэйсбүүк ордог, коммент хэр их бичдэг, гэр бүлийн байдал, ямар төрлийн ажил эрхэлдэг гэх мэт илүү нарийн статистик мэдээлэл харах боломжтой.

Лайк дарсан фэнүүдээрээ дамжуулан найзуудад нь нөлөөлөх боломжтой. Хуудсан дээрээсээ Boost товчоор сурталчилгаа хийхдээ Like хийсэн хүмүүс болон тэдний найзууд гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг.
Нэг хуудсаа лайк дарсан хэрэглэгчдийг чиглүүлэн нөгөө хуудасныхаа контентыг сурталчилж болно. Жишээ нь: би тансаг брэндийн хувцасны дэлгүүрийн хуудасныхаа фэнүүдийг чиглүүлэн тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн дэлгүүрийнхээ сурталчилгааг хийж болох юм.

Хэнд аль постыг харуулахыг Фэйсбүүк хэрхэн сонгодог вэ?

Хүний хармаар, лайк дармаар, коммент бичмээр, шэйрлэмээр байх магадлал хамгийн илүү өндөртэй постуудыг харуулахыг Фэйсбүүк хичээдэг. Энэ сонголтыг хийхийн тулд EdgeRank хэмээх олон төрлийн хувьсагчуудаас хамаарсан алгоритмыг ашигладаг.

Edgerank алгоритм тухайн хүн болон хуудасны хооронд харилцаа байна уу, хэрэв тийм бол ямар төрлийн контент дээр аль төрлийн харилцаа хэзээ байсан гэдгийг гол нь тооцдог. Жинг тооцохдоо видео пост зурагнаас илүү, зураг текстээс илүү гэсэн үнэлгээтэй. Бас хийж буй үйлдлийн хувьд шэйр, коммент, лайк, даралт гэсэн дараалалтай. Тухайн хүн өчигдөрхөн Фэйсбүүк хуудсандаа тавьсан видеог тань үзээд шэйрлэсэн бол өнөөдөр танай хийж буй пост түүнийг Фэйсбүүктээ орж ирэхэд харагдах магадлал өндөр гэсэн үг. Бид илүү харилцаа үүсгээд байгаа найзууд, группууд, хуудаснуудын мэдээлэл бидэн харагдаад бусад нь бараг харагддаггүй нь ийм учиртай байдаг.

Жишээ нь: би Скайтелд ажилладаг байхдаа бусад операторуудын хуудсуудыг ажиглахын тулд лайк дардаг, гэхдээ тэдний постууд бараг харагддаггүй байсан. Учир нь би өрсөлдөгч компаний хийсэн постыг лайк, шэйр хийгээд байхгүй тул энэ хуудсууд Батзоригт чухал биш гэсэн дүгнэлтийг EdgeRank алгоритм хийчихэж байна.

Органик хүрэлтээ хэрхэн өсгөх вэ?

Ойролцоо тооны лайктай мөртлөө нэг нь олон хүнд хүрээд нөгөө нь цөөн хүнд хүрдэг ижил төрлийн хуудаснууд ажиглагддаг. Үүний гол шалтгаанууд нь:

Сонирхолгүй контент. Хийж буй постууд, контентууд фэнүүдийн сэтгэлд хүрэхгүй, сонирхол татахгүй эсвэл хэт цөөн байна гэсэн үг.
Идэвхжээгүй хуудас. Хүмүүст өмнөх контент нь хүрэхгүй байсан тул дараа дараагийн контентууд бас хүрэхгүй байгаа. Энгийнээр зүйрлэвэл өвөл мотор нь бээрчихсэн машин олигтой хурдалж чаддаггүй шиг.

Худалдаж авсан хуудас. Зорилтот бус хэрэглэгчид лайк дарсан байх магадлалтай тул нэр өөрчилснөөс хойш тавигдаж буй контентууд огт сонирхлыг нь татахгүй тул органик хүрэлт нь мууддаг. Массын бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнес л биш бол хуудас худалдаж авах нь энэ шалтгаанаар үр дүн муутай байдаг.

Зорилтот хэрэглэгчдэд хүрэх шийдлүүд юу байна?

Захирал нь "за одоо 100,000 лайктай болчихсон юм чинь одоо үнэгүй сурталчилгаа хийгээд бай" гэж хэлэхэд маркетер нь "үгүй ээ, бид лайк дарсан хүмүүс рүүгээ мөнгө төлж бүүстлэх хэрэгтэй байна, төсөв хэрэгтэй" гэж нэг хэсэг захирлуудаа хөнгөн шоконд оруулсан. Одоо тэгээд яах вэ?

Хамгийн энгийн бөгөөд тодорхой арга бол Фэйсбүүк бүүст буюу зар сурталчилгаа хийх юм. Фэйсбүүк ашгийн байгууллага тул төлбөртэй сурталчилгаа руугаа яах ч аргагүй биднийг хөтлөж байгаа. Twitter, Instagram, Linkedin, Youtube дээр заавал мөнгө төлөлгүй органикаар маркетинг хийх боломж өндөр хэвээр байгаа бол Фэйсбүүк харин маркетингийн төлбөртэй сувгийн хэлбэр рүү өдөр ирэх тусам шилжиж байна. Фэйсбүүкийн борлуулалт жилд 49 хувь буюу гайхалтай өндөр өсөлт үзүүлсээр л. Албан бус мэдээллээр зөвхөн Монголоос л гэхэд Фэйсбүүкийн сурталчилгаанд жилд 10 сая доллар зарцуулж байгаа гэж сонссон.

Үнэхээр гайхалтай вайрал контентуудыг байнга бүтээдэг, эсвэл өөрөө бүтээгдэхүүн нь сошиал дээр маш амжилттай тархдаг контент биш л бол шүү дээ. Бид бүтээлч, сонирхолтой, үр өгөөжтэй, хүнд хүрсэн контент хийх нь маш чухал. Сошиал дээр тийм контентууд амжилтанд хүрдэг. Гэхдээ байнга санааны зоргоор тийм гайхалтай контентууд бүтээгээд байх цаг хугацаа, мөнгө төсөв, боломж хязгаарлалттай. Псай хүртэл Гангнам Стайл шиг контент дахиад амархан гаргачихаж чадахгүй л байна.

Зовж бүтээсэн контентоо хэрэглэгчиддээ хүргэж чадахгүй бол хайран зардал гэсэн үг. Олон захирлууд контент бүтээх зардлаас илүү түгээх зардалд ач холбогдол өгч хэмнэхийг хичээх хандлагатай байдаг. Учир нь ихэнх контентыг баг нь хийчихдэг. Гэтэл баг ажиллуулахад ч зардал гарна, бүр Фэйсбүүк сурталчилгааны зардлаас хамаагүй өндөр зардал гарч байдаг. Өөр компаниар контент хийлгэвэл үнэ нь сая саяар яригдаад явчихна. Дунд зэргийн компани сардаа Фэйсбүүк сурталчилгаандаа 300-600 доллар зарцуулахад хангалттай байдаг. Энэ нь контент бүтээхэд гардаг хүч хөдөлмөр, зардлуудтай харьцуулахад тун боломжийн дүн. Тэгэхээр бүтээсэн контентоо түгээхэд адилхан цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө кардлыг бас гаргах хэрэгтэй гэж зөвлөх байна.

Контентоо хүргэхэд дараахь арга зам, шийдлүүдийг анхаараарай:

Зорилтот хэрэглэгчиддээ сонирхолтой, бүтээлч контентоор идэвхжүүлэх. Байнга бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа хийгээд байвал хуудас идэвхгүй болдог. Фэнүүддээ сонирхолтой, хэрэгтэй, хөгжилтэй, урас зориг өгсөн контентууд хүргэх тусам дараа нь хийсэн танай бүтээгдэхүүний мэдээлэл тэдэнд харагдах болно.

Зар сурталчилгаа хийхдээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэхэд анхаарах. Фэйсбүүкийн сурталчилгаа хамаагүй хямдхан гээд талаар нэг цацаад байвал нэгж үр дүнд ногдох зардал өндөр болно. Сайн чиглүүлсэн, зөв оновчилсон сурталчилгаанууд хэд дахин бага зардлаар илүү үр дүнд хүрэх боломжтой байдаг. Чиглүүлэх арга замуудыг тухай Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 шилдэг зөвлөмж нийтлэлээс уншаарай.

Дахин чиглүүлэх. Фэйсбүүк маркетинг вэб маркетингтай хослуулан хийхэд илүү дүнтэй байдаг. Танай вэб хуудсаар зочилсон хэрэглэгчдийг чиглүүлэн дараа дараагийн контентыг харуулах боломжтой. Танай вэб хуудсаар орсон хүмүүс танай хэрэглэгч болох магадлал илүү өндөр байх нь ойлгомжтой.
Фэнүүд рүүгээ чиглүүлэн бүүст хийх. Маш олон хүнийг хийдэггүй. Шалтгаан нь нэгэнт лайк дарсан хүмүүст харагдах учиртай гэж боддог. Харамсалтай нь ихэнх фэнүүдэд огт харагддаггүй гэдгийг бид дээр дурдсан. Фэнүүд рүүгээ бүүст хийхэд нэгжийн зардал бага байдаг. Танайхыг мэддэг, магадгүй танай хэрэглэгч тул үйлдэл хийх магадлал өндөр, дээр лайк шэйр хийж цааш нь тараана, найзууддаа нөлөөлнө. Бас танай постыг хүнд сонирхолтой, хэрэгтэй гэсэн нийгмийн баталгааг бий болгож өгдөг тул уг постыг Ads Manager ашиглан зорилтот сегмент руугаа чиглүүлэн сурталчилгаа хийх үед нөлөөг нь нэмж өгдөг. Танай 500 фэн лайк дарчихсан постыг хүмүүс хараад би ч гэсэн үзье, харъя, лайк даръя гэж бодох магадлал өндөр. Хэрхэн ийм сурталчилгаа хийхийг Фэйсбүүк маркетингийн 5 түгээмэл алдаа нийтлэлээс уншаарай.

Олон лайктай хуудастай бол органик чиглүүлэлт хийж байгаарай. Өөрөөр хэлбэл бүүст хийхгүй постуудаа зөв хүмүүст хүргэснээр цаашаа органикаар хүрэх боломжийг өсгөж болдог. Хэрхэн чиглүүлэхийг Фэйсбүүк дээр зорилтот сегментээ чиглэх 4 арга нийтлэлээс уншаарай.

Фэйсбүүк групп хөтлөх. Группт тавигдсан пост органикаар илүү сайн хүрдэг. Бас танай группт үнэхээр танай салбарын, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгцээтэй хүмүүс нэгдсэн байвал органикаар зөв хүмүүстээ мэдээлэл хүргэхэд дөхөм болдог. Бид жишээ нь Сошиал медиа маркетинг гэсэн групп ажиллуулдаг. Хэрэв та сошиал медиа, дижитал маркетингийн мэдээлэл, зөвлөгөө авах, санал бодлоо хуваалцах хүсэлтэй бол манай группт нэгдээрэй.
Фэйсбүүк маркетингийн арга техник, ур ухаанд улам илүү суралцахыг хүсвэл 2014 оноос хойш манай агенлагийн зохион байгуулж буй 1000 шахам төгсөгчидтэй сошиал медиа маркетингийн нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах боломжтой. Та доорх холбоосоор зочлон хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой


2017-12-18 23:08:15