Эдийн засгийн гэрэлтэй мэдээ

Монгол улс эдийн засгийн хувьд хүндхэн цаг үеийн туулж байгаа. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, улс орны хэмжээнд төлөх гадаад өрнүүд нэхэгдэх цаг тулчихлаа. Хасахтай байсан эдийн засгийг хүлээж авсан Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажилласан хугацаандаа бага ч гэсэн сэргэлт авч ирсэн. Гэсэн хэдий ч түүнийг нам нь унагаснаар эдийн засгийг өсгөх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх чухал үүрэг Ухнаагийн Хүрэлсүхэд оногдсон. Гэвч багш нар ажил хаялт зарлаж “айлгаснаар” төрийн албан хаагч бүрт 300 мянган төгрөгийг бэлнээр тарааж амыг нь хаасан. Энэ бүхэн эдийн засагт хүндээр тусахгүй гэж албаны хүмүүс тайлбарласан ч нэгэнт тааруу байгаа эдийн засагт жаахан ч гэсэн зүйл сөргөөр нөлөөлөх аюултай.

Энэ бүхнийг хамгийн сайн ойлгож байх ёстой хүмүүсийн нэг бол Ерөнхий сайд. Тиймдээ ч тэрээр анхнаасаа хатуу байна гэж байсан ч цагаа тулахаар улстөрчийн замналаа бодсон уу? бусдынхаа шахалтад өртсөн үү? ямартаа ч уг мөнгийг бэлнээр тараасан. Ирэх жилд бид бүхэн бондын өрөө төлнө. Харин шог ч гэмээр үг байдаг нь “АН-ын засаг барихар дэлхийн эдийн засаг хямарч МАН барихаар эдийн засаг сэргэдэг” гэсэн яриа. Энэ ч үнэхээр үнэн бололтой юм. Ирэх жилд дэлхийн эдийн засагт зэсийн үнэ нилээд өсөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байсан. Тэгвэл Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лондоны хөрөнгийн биржид нэг тонн зэс 7024 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр өмнөх долоо хоногоос нийт гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Зэсийн үнэ ингэж өсөхөд зах зээл дээр үүсээд байгаа хомсдол нөлөөлж байгаа бөгөөд тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард 132 мянган тонн зэсийн хомсдол үүссэн байна. Хомсдолыг дагасан эрэлт цаашид өсөх магадлалтай. Ингэвэл улбар металлын үнэ дээшээ чиглэлтэй байна хэмээн шинжээчид хэлж байна. 2010-2012 оны үе зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллараас дээш байсан бөгөөд үнийн энэ өсөлтийг дагаж Монгол улсад орж ирэх ногоон мөнгөний урсгал нэмэгдэж байсан билээ. Энэ түүх давтагдах магадлал өндөр байгаа нь бидэнд хамгийн сайхан мэдээ болж байна. Мэдээж зэсээс гадна бидний бас нэгэн чухал түүхий эд бол нүүрс. Тавантолгойн уурхай Чалкод төлөх ёстой өрөө бүрэн барагдуулсан. Тиймээс эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болох учиртай. 

Харин эдийн засгийн ийнхүү ганцхан уул уурхайгаас хараат байлгах нь эрсдэл дагуулдаг гэдгийг шинжээчид хэлдэг. Тиймээс одоогийн Засгийн газар бусад салбараас олох орлогоо аль болох хурдацтай нэмэгдүүлж, илүү дутуу зардлуудаа танаж, ОУВС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх шаардлага үүсч байна.

 


2017-12-26 11:47:09