Х.Баттулга: Төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалж нэн яаралтай орон сууцанд оруулъя

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Энэ талаараа хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Үүнийг жил бүр ярьдаг. Би ЗТБХБ-ын сайд байхдаа буюу 2010 онд утааг цогцоор нь шийдэх боломж байна гэж санал, шийдэл  гаргаж байсан. Нийт баялгаа судалж, тооцоолж, түүний хоёр хувиар мөнгө босгож, хөдөөгөө хөгжүүлж, хөдөөнөөс ирэх урсгалыг зогсооё. Ингэхийн тулд хөдөө хүн амьдарч болох ахуй, орчинтой байх ёстой. Малын гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой. Хотоо нүүлгэн  шилжүүлж, дагуул хотуудыг бий болгоё гээд “Хоёр хувь” гэсэн танилцуулга хийж байсан.

Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн.

УИХ-д “Онц байдал” зарлах онцгой эрх байдаг. Агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлж, албан бичиг явууллаа. УИХ үүнийг өнөө маргаашгүй хэлэлцээд “Онц байдал” зарлах зарлахгүйгээ шийдэх байх.

Би Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2017 оны 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” хийсэн. Удахгүй утаатай залгах тул утааны асуудлыг авч хэлэлцээч, ямар арга, шийдлүүд байна вэ гэсэн сэдвээр тэр чуулганыг хийсэн.  Харамсалтай нь ажил болгоогүй.

Одоогоос нэг жилийн өмнө, 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан болж, утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Засаг дарга, яамдад чиглэл өгсөн. Жилийн дараа харахад энэ ажлаас 6300 орчим айлыг цахилгаанаар  холбосон гэсэн л мэдээлэл байна. Энэ дотор мөнгө идэх аргууд дахиад орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км авто зам барина. Энэ замаар Тавантолгойд байгаа коксжсон нүүрсийг татаж иргэдэд тараана гэсэн байна. Коксжсон нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй.  Үүнд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй.

Үндсэн хуулийн 25.2-т УИХ-д “Онц байдал” зарлах онцгой эрх байдаг. Агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлж, албан бичиг явууллаа. УИХ үүнийг өнөө маргаашгүй хэлэлцээд “Онц байдал” зарлах зарлахгүйгээ шийдэх байх.

Асуудал гарах тусам мөнгө гардаг. Мөнгө нь бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс, бизнесийнхэн нийлээд зовлон дээр тоглодог байдал дахиад давтагдаад байна. Иймд Улсын Их Хурлын бүрэн эрхийнхээ хүрээнд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэж яаралтай шийдвэрлэхийг хүсье гэсэн санал өнөөдөр хүргүүллээ.

Сая амралтын өдрүүдээр эцэг эхчүүдээс эмнэлэгт орны хүрэлцээ муу байна гэж маш их гомдол, санал ирсэн. Ингээд 5-6 эмнэлгээр явж үзлээ. Байдал хүнд байна. Эндээс гарах шийдэл нь Цэргийн госпиталь, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ачаалал харьцангуй бага тул эдгээр эмнэлэгт дөрөвдүгээр сар буюу томуу, томуу төст өвчний онц нөхцөл, хүндрэл бууртал хүүхдүүдийг эмчилж маневр хийгээч гэсэн. Ер нь жил бүр 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээс эхлэн 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эх хүртэл “Ханиадны комисс” гаргаж асуудлуудаа маневрлаж шийдэж байгаасай гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар үүнийг авч хэлэлцээд ЭМЯ, БХЯ, ХЗДХЯ асудлыг хүлээж аваад шийдвэр гаргаж байх шиг байна.

Хэрэв хууль санаачлагчид хууль тогтоохоор бол сарын өмнө мэдээллээ гадагш тавьж, түүгээр санал авч хэлэлцүүлдэг болъё гэсэн  хууль батлагдсан байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс Хүүхдийн мөнгөний хууль, төсөв батлагдсан. Үүгээр нийт хүүхдийн 60 хувьд мөнгө олгоё гэсэн. Үүнийг эргэж харж, 100 хувь өгөх  хэрэгтэй гэж үзсэн. Энэ боломжийг судалсан саналыг www.President.mn сайтад нийтэлсэн. Мөнгөний боломж бий. 100 тэрбум төгрөг байвал хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй.

Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. 2010 онд санаачилсан  зүйл байгаа ч харамсалтай нь үүнийг бизнес болгосон” гэлээ.

-Улаанбаатарын утааг арилгах ямар гарц, шийдэл байна вэ?
-ҮАБЗ-ийн хурлаар утааны асуудлыг шийдэх үүргийг Зам, тээврийн сайдад өгсөн. Шийдэл нь тодорхой. Дагуул хотуудыг яаралтай байгуулах, төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Гэр хорооллын иргэдийг өөрсдийг нь ажиллуулж, орон сууцны зээлд хамруулъя. 

2018 онд 80 мянга орчим орон сууц ашиглалтад орно. Энэ байрын нэн яаралтай төрийн албан хаагч эмч, багш, сувилагч, цагдаа нарыг цалингаар нь барьцаалан орон сууцанд оруулъя. Тэр хэрээр яндангийн тоо буурна. Энэ талаар бид өнгөрсөн амралтын өдрүүдэд ЗГХЭГ-тай санал солилцон, боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Энэ хавраас дагуул хот байгуулах шийдлүүдийн дагуу шууд ажилдаа оръё гэж байгаа юм. 

-Онц байдалд зарласнаар нэгдүгээрт хийх ажлын шийдэл юу байх вэ? 
-Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Би УИХ-д саналаа өгч байна. Онц байдал зарлах хэмжээнд хүрсэн, эсэхэд УИХ дүгнэлт хийгээд шийдвэрээ гаргана.

 


2018-01-02 13:01:22