”ГОЛОМТ” БАНК БИЗНЕС ПРОЦЕСС

-“Голомт” банкийг 2017 оны шилдэг энтерпренер болгосон төслийнхөө талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Манай “Голомт” банк 2016 оноос хойш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.Үүний нэг нь “Бизнес модел нэвтрүүлэх төсөл” юм.Энэ хүрээнд бид олон асуудлыг шийдэж чадсан.Тиймээс энтерпренерийн мөнгөн цомыг хүртлээ.Уг төслийг хэрэгжүүлснээр банкныхаа процессыг өөрчилсөн юм.

-Яагаад ийм төсөл хэрэгжүүлэхээр болов?

-1995 онд байгуулагдсан “Голомт” банкны маань үйл ажиллагаа нэлээд тэлсэн. Анх дөрвөн ажилтантай, 600 харилцагчтай ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр  1800 гаруй ажилтантай,  600 мянган харилцагчтай болсон байна. Ингэж өргөжихийн хэрээр процесс маань нэлээд нүсэр болоод ирсэн.Нөхцөл байдалд анализ хийхэд манай борлуулалт явуулж байх ёстой салбарууд хэтэрхий дотоод үйл ажиллагаа руугаа чиглэсэн байв.Өөрөөр хэлбэл, банкны хийх ёстой ажлыг салбар, нэгжүүд явуулдаг, мини банк хэлбэр рүү орчихсон байсан.Энэ байдлыг засахын тулд “Бизнес модел нэвтрүүлэх төсөл”-өө хэрэгжүүлсэн юм.Бид бүхэн энэ төслөө бизнес процесс ре-инженеринг гэж тодорхойлж байгаа.Энэ бол АНУ-аас гаралтай, үйл ажиллагааг инженерчлэлийн аргаар өөрчлөх аргачлал.

-Ре-инженеринг гэсний учир нь юу юм бэ?

-Энэ бол бизнесийн процессыг цоо шинээр хараад үндсээр нь өөрчлөх юм.Хэрвээ процесст сайжруулалт хийсэн бол арав, хорин хувиар нэмэгдсэн гэж дүгнэгддэг.Харин ре-инженеринг гэдэг бол тухайн процессыг эхнээс нь дуусах хүртэл өөрчилнө гэсэн үг.Энэ нь зардал, чанар, үйлчилгээ, хурд руу чиглэдэг.Бидний нэвтрүүлсэн цоо шинэ өнцөг нь харилцагч төвтэйг хэлээд байгаа юм.Жижиг өөрчлөлт хийх гэж байгаа бол ажлаа сайн мэддэг хүн өөрчлөлтийнхөө санааг гаргаад явахад үр дүн гардаг.Тэгвэл ре-инженерингийг гүйцэтгэх удирдлага талаасаа оролцоо нь орж ирж байж амжилттай хэрэгждэг.

-Та ярилцлагын эхэнд төслийн хүрээнд олон зүйлийг өөрчилж чадсан гэж тодотгосон.Тухайлбал харилцагч талдаа юуг анхаарав?

-“Голомт” банк бол харилцагч төвтэй байх стратегитэй.Тиймээс харилцагч төвтэй байхын тулд ямар байх ёстойгоо бодож бүх өөрчлөлтүүдээ хийсэн. Салбар, нэгжийн физик дизайн,  бүтэц, бизнесийн модел өөрчлөгдсөн.  Харилцагч тал дээр бууж байгаа нь юу харагдаж байгаа вэ гэвэл салбарууддаа тав тухтай орчныг бий болгосон.Ингэхдээ үнэртүүлэгч дээр анхаарсан. Хүлээлгийн танхимаа тохижуулж, хаягжуулалтаа  анхаарсан. Харилцагчид босоо байдлаар үйлчлүүлдэг байсан бол сууж үйлчлүүлдэг боллоо.Өмнө үйлчилгээний байгууллага мөртлөө ариун цэврийн өрөөгөө дотоод ажилчид хэрэглэдэг байсныг нийтийнх болгосон.Ариун цэврийн өрөөндөө засвар хийгээд харилцагч нарыг орох боломжтойгоор засварласан.Мөн кофе шоп, номын сан гээд хүлээлгийн хэсгүүддээ ч анхаарсан.Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүлээх мэдрэмжийг мэдрүүлэхгүй байх үүднээс энэ мэтчилэн олон ажлыг хийсэн.Энэ байдалд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж эерэг үр дүнтэй байгаа.

-Салбар, нэгжүүдийн дотогшоо чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Бид бүх үйлдлээ харилцагчийн нүдээр харах ёстой.Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ оронд өөрсдийгөө тавиад процессын өөрчлөлт хийгээд явж байгаа.Тодруулбал, салбаруудынхаа дотогшоо чиглээд байсан үйл ажиллагааг нь процесс ре-инженерингийг хийгээд шинэ нэгж байгуулсан.Бизнес процесс менежментийн газар буюу манай нэгж л дээ.Процессоо эндээ төвлөрүүлсэн юм. Ингэснээр салбар дээрх борлуулалтын ажилтнуудын  ачаалал нь багасч, үйл ажиллагаагаа борлуулалт руугаа чиглүүлээд эхэлсэн. Үүний үр дүнд борлуулалтын тоогоо хоёр дахин өсгөж, зардал орлогын харьцаагаа 30 хувиар буурууллаа.Мөн иргэдийн зээл 70 үйлдэлтэй байсан бол 30 үйлдэлтэй болж багассан.Үйлдэл болгон цаг, минут байгаа учраас хэмнэлт гарсан.Өмнө салбарууд бичиг хэрэгтэй их зууралддаг байсан.Харин одоо тийм зүйл байхгүй болсон.Энэ мэтчилэн олон эерэг үр дүн гарч байгаа. Ер нь бол энэ процесс  ре-инженерингийг хийхдээ харилцагчдыг сигментээр нь ангилж, хэн нь ямар үйлчилгээ явуулах вэ гэдэг рүүгээ чиглэж салбарын бүтцийг өөрчилсөн байгаа.

-Хэдий хэмжээний зардал гарсан бэ?

-Хэрэв гадны байгууллагын зөвлөх үйлчилгээг авсан бол өндөр зардал гарах байсан.Харин бид өөрсдийн дотоод хүч боломжоороо энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан.Ингэхдээ Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудад очиж туршлага судалсан байгаа.Салбарын тохижилтын хувьд одоогоор нийслэлийн 40-өөд хувьд нь засвар орсон.Ирэх жилээс бусад салбар руугаа ороод явна.

-Төсөл хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байв?

-Бид салбар нэгжийн ажилтнуудынхаа ажлыг байрыг өөрчилж байгаа.Тухайн ажилтны олон жил хийгээд хэвшсэн ажлууд нь процесс өөрчлөгдөхөөр мэдээж өөр болно. Гэнэт ажлын арга барил нь өөрчлөгдөнгүүт  тэд хүлээн зөвшөөрөхгүй байх, хуучин хийж хэвшсэн ажил руугаа  орчих вий гэсэн болгоомж бидэнд байлаа.  Харин манай ажилтнуудын  сэтгэл зүй бэлэн байсан. Учир нь “Харилцагч төвтэй банк” болох нь манай гүйцэтгэх захирлын санаа байсан.Тиймээс энэ бол манай банкны эрхэм зорилго.Иймд ажилтнуудын хүлээлт үүнд чиглэсэн байсан болохоор бидний төсөл амжилттай хэрэгжсэн.“Голомт” банкны хамгийн үнэт баялаг бол харилцагчдын маань итгэл байдаг.Тиймээс үйл ажиллагааныхаа бүхий л төвшиндөө харилцагчдаа нэн тэргүүнд тавьж байгаа.

-Ажилтнуудын тоо буурах уу?

-Ажилтнуудын тоогоо хэвэндээ бариад, борлуулалтаа өндөр болгох чиглэлийг баримталсан.Салбар нэгжүүдэд хүний тоо нэмэгдээгүй, борлуулалт хийх цаг уртсаагүй, тэгсэн мөртлөө борлуулалт маань 122 хувиар өссөн.Энэ бол үйл ажиллагааны шинэчлэл маань оновчтой байсны үр дүн.

-Тэгэхээр төслийн хүрээнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргасан юм бэ?

-Бүтээгдэхүүнүүдийн хувьд нэлээд өөрчлөгдсөн.Жишээлбэл, үндэсний хуримтлал, зэс буюу кредит карт гээд байна.Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ процессыг өөрчилсөн байгаа.Үүнтэй холбоотойгоор эдгээр шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээл рүү амжилттай нэвтэрсэн.

-Үндэсний хуримтлал хэр үр дүнтэй байна?

-Бид 60 гаруй мянган хуримтлалтай иргэнтэй боллоо.Ер нь манай хуримтлал төвлөрсөн байдаг юм байна.Тиймээс ард иргэдээ хуримтлалтай болгож байж эдийн засагт эерэг нөлөө авчирна гэдэг үүднээс Үндэсний хуримтлалын хөтөлбөрөө зарласан.Хувь хүн хуримтлалын зуршлыг өөртөө бий болгож чадах юм бол 20 хувийн урамшуулал олгож байгаа.Үндэсний хуримтлалын хөтөлбөр бол “Иргэн хүн хуримтлалтай болоод зогсохгүй улсын маань эдийн засаг сэргэнэ” гэсэн давхар алсыг харсан бүтээгдэхүүн юм.

-“Голомт” банк кредит картын зах зээлийн хэдэн хувийг эзлээд байна вэ?

-Одоогоор 60 гаруй мянган кредит картын хэрэглэгчтэй болчихсон байна.Тэгэхээр кредит картын зах зээлийн 85 хувийг эзэлж байгаа.

-“Энтерпренер-2017” арга хэмжээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжээс оны онцлох арван байгууллагыг зарласан.“Голомт” банк оны шилдгээр шалгарахад таныг гол үүрэгтэй ажилласан гэж дуулсан.Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу.Банкны салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-Манай төсөл 100 гаруй хүний оролцоотой байсан.Зөвхөн нэвтрүүлэлтийн шатан дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулаад ажилласан. Миний хувьд  нэвтрүүлэлтийн шатыг удирдсан. Өмнө хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан.Энэ оны хувьд төслийн багтай хамт нэвтрүүлэлтээ удирдлаа.Ажлын туршлага гэвэл МУИС-ийг 2004 онд төгссөнөөс хойш банкны системд ажиллаж байна.“Голомт” банкинд найм дахь жилдээ ажиллаж байгаа.Өмнө банкныхаа жижиг, дунд бизнесийг хариуцаж байсан.Одоо бизнесийн процесс ре-инженериг чиглэл рүү ажиллаж байна.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцахгүй юу?

-Бид нэлээд том ажлын суурийг сайн тавилаа.Ирээдүйд мэдээж улам сайн хөгжүүлээд автоматжуулна.Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа.Хүн болгон хүлээлгэд дургүй болчихоод байгаа.Яваандаа дижитал хэлбэр рүү шилжинэ.Зээл хүртэл дижиталаар олгогдох ёстой.Заавал салбар дээр ирэх шаардлагагүй болно.

-Та бүхний хэрэгжүүлсэн ажил олон улсын байгууллагын “Шилдэг төсөл 2017” шагналыг авсан бил үү?       

-Тиймээ. “PMI” гээд олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас нь жил бүр олон улсын форум зохион байгуулдаг уламжлалтай.Өнөө жилийн “Шилдэг төсөл” шагналыг “Голомт” банк авсан.Мөн энэ онд манай банк Монголын хамгийн анхны менежментийн форумыг зохион байгуулсан юм. Үүнд топ 250  компанийн удирдлагууд оролцсон байгаа. Энэ үйл ажиллагаанд бид түлхүү өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан.Мэдээж гол сэдэв нь ре-инженеринг байсан.

-Компанийн ноу-хаугаа  ингэж дэлгэж болж байгаа юм уу?

-“Хөгжлийн Голомт” гэсэн уриатай ажиллаж байгаа бид бүхэн бусад байгууллагуудад туршлагаа хуваалцаж байж Монгол Улс хөгжих юм.Ер нь бол том компаниудад үйл ажиллагаандаа шийдэх ёстой асуудал их байгаа. Тиймээс тэдгээр компаниудыг “Ре-инженеринг хийгээч ээ, сайжруулаач ээ, үр дүнтэй болгооч ээ” гэдэг байдлаар энэ сэдвийг түлхүү хөндсөн. Зарим байгууллагууд бидэн рүү хандаж, сургалт, зөвлөгөө авч байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

 


2018-01-05 15:16:57