ХӨРӨНГИЙН БИРЖ ӨДӨРТ 322.9 САЯ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ
Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт нэг тэрбум 291 сая 723 549 төгрөгийн арилжаа хийсэн байна.Өдөрт дунджаар 322.9 сая  төгрөгийн гүйлгээ хийжээ. 

Ингэснээр үнэт цаасны тоо ширхгээр өмнөх долоо хоногоос буурч арилжааны гүйлгээ 40 тэрбум төгрөгөөр саарчээ. Өмнөх арилжаанд 51 компанийн 7 сая 20,755 ширхэг хувьцаа арилжсан бол өнгөрсөн долоо хоногт 47 компанийн 650 мянга 28 ширхэг  хувьцаа арилжсан аж.

Улмаар  нэгдүгээр сарын 2-5ны өдрүүдэд ЗГҮЦ-ыг анхдагч зах зээл дээр арилжаагүй байна. Харин хоёрдогч зах зээлийн нийт 14 удаагийн хэлцлээр 9 386 ширхэг үнэт цаас 913 сая 213 390 төгрөгөөр арилжаалжээ.

Компаниудын хувьцааны өөрчлөлтөөс дурдвал "Мик холдинг",  “Хөх ган”, "Увс чацаргана”, "Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн их хувиар  унасан бол "Евроазиа Капитал холдинг","Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Монгол дизель" зэрэг компанийн хувьцааны ханш  өсөлтөөрөө тэргүүлэв.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2.44 их наяд төгрөг болсон бол "MSE ALL" индекс 1,164.89 нэгж болж 1.62 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Б.Заяа

2018-01-08 17:19:55