Монгол шимийн архийг үйлдвэрийн аргаар нэрэх туршилт хийж байна

Энэ талаар Сүхбаатар хөгжил ҮТП-ын менежер Б.Энх-Амгалангаас тодруулахад "Эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг манайхаас шийдвэрлэж туршилтыг эхлүүлээд байна. Нэрмэлийн тогоо нь 3,3 сая төгрөгийн үнэтэй. Анх түүхий эдээ авахдаа 120 мянган төгрөгийн зардал гаргаад туршилтыг эхлүүлж, 90 мянган төгрөгийн ашиг олсон.

Энэ нь сүүний үнэ өндөр байгаатай холбоотой, бид одоогоор нэг литр сүүг 1800-2000 төгрөгөөр малчдаас авч байна. Хэрвээ сүүгээ тогтмол литр тутмыг 1000 төгрөгөөр авбал энэхүү нэрмэлийн үйлдвэр маань үр дүнтэй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Ер нь туршилтын гол зорилго бол нэгдүгээрт өртөг, зардлын тооцоог гаргах, хоёрдугаарт энэ нэрмэлийн үйлдвэрийг бий болгоход ямар ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох юм. Цаашид бид тоног төхөөрөмжөө илүү боловсронгуй болгосны дараа сум бүрт ийм төрлийн жижиг үйлдвэр байгуулж, нэгдсэн нэг том сүлжээ үйлдвэртэй болохыг зорьж байна”гэлээ.

Бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодлын асуудлыг шийдвэрлэж чадвал энэ нь Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүн болох боломжтойг онцолж байв.

Одоогоор туршилтын хугацаанд Хэнтий аймгаас түүхий эдээ татаж байна. Орон нутаг болоод Улаанбаатар хотоос сүү нийлүүлэх санал ирээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Undesten.mn


2018-01-11 00:36:55