Төгрөгийн тогтвортой байдал уу, инфляцийн тогтвортой байдал уу?

Монголбанкы үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдлаас үнийн тогтвортой байдал болгож өөрчлөхөөр зорьж байгаа нь ач холбогдолтой. Хэрвээ үнийн тогтвортой байдал руу зоривол:

  • Төв банкны удирдлагууд бултаж, булзайруулахгүйгээр бодлогын үр дүнгээ хэмжүүлдэг болно.
  • Удирдлагаас удирдлагын хооронд мөнгөний бодлого хоёр зорилтын хооронд гуйвж савладаггүй болно.
  • Хямралаас хямралын хооронд амьдардаггүй болно.
  • Төгрөгийн тогтвортой байдлыг хангах нэрийн дор улсын хадгаламж болсон гадаад валютын нөөцөө шавхдаггүй болно.
  • Валютын нөөцөө зарж, ханшаа барихыг оролддог биш, эдийн засгийн савалгааг, эдийн засгийн эрсдэлийг бууруулах замаар ханшийн тогтвортой байдлыг хангана.  
  • Монголбанк ханшийн хариуцлагаас зугтаж байгаа хэрэг биш бөгөөд олон жил туршсан бүтэлгүй хэрэгслээс илүү эдийн засгийн халалт, хөрөлтийг зохицуулах замаар ханшийг сууриар нь тогтворжуулахад хувь нэмэр оруулна. 

Төгрөгийн бодит худалдан авах чадварыг инфляциас хамгаалж, үнэ цэнийг хамгаалах замаар долларжилтыг бууруулж, ханшийн тогтвортой байдлыг хангах гээд байгаа юм.

  • Инфляци тогтвортой байх нь эргээд ханш тогтвортой байх үндэс болно.
  • Инфляцийг бууруулж, хадгаламжийн өртгийг бууруулах замаар зээлийн хүүг бууруулна.
  • Ирээдүйн эрсдлийг урьдчилан харж, түүнийг сааруулахад чиглэсэн бодитоор нөлөөлдөг мөнгөний бодлоготой болно.
  • Мөнгөний бодлогын нээлттэй байдал, түүний үр дүн болсон хариуцлагатай байдлыг нэмэгдүүлнэ.

Ийм учраас л инфляци нь ханшаас агуулга болон нөлөөгөөрөө том, хүчтэй учраас инфляцид илүү ач холбогдол өгч байгаа юм. Ханш 10 хувь сулрахад нийт инфляци хамгийн ихдээ ойролцоогоор хоёр жилийн дараа 3 орчим хувиар л өсдөг. 

Ханш өөрчлөгдөхөд иргэдийн өргөн хэрэглээний бараануудын 40 хувийнх нь л үнэ өснө. Инфляци таны орлогын худалдан авах чадварыг шууд бууруулах бөгөөд энэ утгаараа татвартай яг адил.

Ханш өөрчлөгдөхөд иргэдийн өргөн хэрэглээний барааны 40 хувийнх нь л үнэ өснө. Инфляци таны орлогын худалдан авах чадварыг шууд бууруулах бөгөөд энэ утгаараа татвартай яг адил.

Ханш экспорт, импорт, валютын орох гарах урсгал, эдийн засгийн бүтэц төрөлжилтөөс шууд хамааралтай. Үүнийг төсвийн бодлогоор л шийднэ.

Төсвийн бодлогод хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох, чиглэл бүр дэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, дэмжлэгийг татвар, татаасаар зохицуулах хэрэгсэл байдаг. Харамсалтай нь Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол заалт болох төв банкны үндсэн зорилт  нь үнийг тогтвортой байлгана гэсэн заалтыг эрхэм гишүүд чуулганы эхний хэлэлцүүлэг дээрээ унагачихсан.

Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Төв банкны үндсэн зорилтыг эдийн засагчид байнга шүүмжилж ирсэн. Олон улсын  санхүүгийн байгууллагууд ч дэлхийн жишигт нийцүүлэхийг зөвлөсөөр ирсэн. Гэтэл үе үеийн УИХ хүлээж авдаггүй. Энэ удаад бас л давтагдлаа. Гэлээ гээд цаг хугацааны шаардлагаар Төв банк дахиад л төгрөгийн тогтвортой байдал бус инфляцийг онилох бодлого руугаа явж л таарна.

Д.Төгөлдөр

Эх сурвалж: GoGo.mn


2018-01-11 10:19:41