Банкны хууль: Хэн юу хэлэв

Улс төр Парламент Эдийн засаг Банк санхүү
Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, банк санхүүгийн байгууллагууд салбараасаа хальж бусад салбарт охин компани байгуулж, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр тухайн компаниа санхүүжүүлэх байдлаар бизнесийн бусад салбарт шударга бус өрсөлдөөн бий болгож буй байдлыг өөрчлөх асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийднэ гэж өнгөрсөн жилээс идэвхтэй ярьсан. Тэгвэл Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг УИХ хийлээ. Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

АРИЛЖААНЫ БАНКНЫ ОХИН КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛ ЗААЛТЫГ АВЧ ХАЯ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж: Арилжааны банкны охин компанитай холбоотой зүйл заалтыг авч хая. Өчигдөрхөн охин компанийг больё гэж ярьж байсан. Гэтэл энэ хуулийн томьёолол дотор чинь ороод ирлээ. Ямар их хамгаалдаг юм бэ. Энэ хэдэн уул уурхайн лиценз чинь банкны барьцаанд тавигдсан, банкны эздийн өмч болсон. Цөмийн цөлмөх юм хийгээд хэдэн жил боллоо. Хууль хяналтын байгууллагууд чинь эдний богцонд орсон. Хулхины компани байгуулаад түүндээ хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаад бусармаг юм хийж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад энэ охин компанитай холбоотой заалтыг авч хая.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИХЭНХ НЬ ГАДААД ЭЗЭДТЭЙ

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Арилжааны банкуудын ихэнх нь гадаад эзэдтэй. Оюутны, тэтгэврийн, цалингийн, малчны гээд өндөр хүүтэй зээлийн барьцаанд 3 сая ард түмнийг барьчхаад сууж байна. Тиймээс энэ асуудлыг Банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийднэ гэсэн хүлээлт үүссэн. Гадаад эзэдтэй арилжааны банкууд гадны банк орж ирэхээс, зээлийн хүү буурахаас үхтлээ айдаг. УИХ-д томоохон лобби бүлэг үүсгээд хуулийг өөрчлөлгүй яваад ирсэн. Арилжааны банкуудын гол хувьцаа эзэмшигч нар үе үеийн УИХ-д гишүүнээр сууж ирсэн. Нууж хаах зүйл байхгүй.

БАНКУУД МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БОЛСОН

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан: 70 саяын байр авахын тулд 70 саяын хүү төлдөг. Банк мөнгө хүүлж байрны үнийг хоёр дахин нугалдаг. Хөрөнгийн барьцаалаад өмчийн авчихдаг. Ийм байдлаар явмааргүй байна.

АРИЛЖААНЫ БАНК БУСАД САЛБАРТ ОХИН КОМПАНИТАЙ БОЛОХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОЁ

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг: Аливаа арилжааны банк уул уурхайн, барилгын гэдэг юм уу бусад салбарт охин компанитай байж болохгүй гэдгийг энэ хуулиар хатуу зааж өгье. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг, Монголбанкны удирдлагууд энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УЯН ХАТАН БОЛГОЁ

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан: Банкны тухай хуулийг сайн харж гаргахгүй бол цаана нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг бий. Итгэл дээр явдаг салбар шүү. Өөр нэг асуудал бол бизнесийн зээлийн түүх буюу зээлийн мэдээлэл гэж айхтар зүйл бий. Зээл авахын тулд аж ахуй нэгжүүд оймс, гутал юу байдгийн бүх зүйлээ мэдүүлдэг. Үүнийг олон улсын жишигт ойртуулж, уян хатан болгох саналтай байна.


2018-01-12 08:57:13