“ДЦС 4”-ийн шугам дэлбэрч, нэг хүн түлэгдэж нас баржээ

Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө “Дулааны цахилгаан станц 4”/ДЦС/-т ТӨХК-д үйлдвэрлэлийн осол гарч, нэг хүн хүчтэй ууранд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Осол гардаг шөнө тус ДЦС-ын нэг хэсэгт уурын өндөр даралт бүхий шугам дэлбэрч, хохирогчийг дуудлагаар очих үеэр дахин өөр шугамд томоохон дэлбэрэлт гарсан байна. Энэхүү дэлбэрэлтэд хохирогч өртөж, 85% түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. ГССҮТ-д яаралтай хүргэгдэн очиход эмч нар амьдрах магадлал бараг байхгүй хэмээн хэлж байсан аж. Өндөр даралттай ууранд түлэгдсэн хохирогч Д нь анхан шатны эмчилгээ хийлгэж байх үедээ шархаа даалгүй нас баржээ.

Хохирогч Д нь 31 настай байсан, шугамын цехийн дарга болох гэж байсан ч үйлдвэрийн ослоор ийнхүү харамсалтайгаар нас барсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

ДЦС ТӨХК-ийн хэсгийн уурын шугам 130-140 хувийн даралттай, 550 градусын хүчтэй уур дамжин өнгөрдөг байна. Тэрхүү 550 градус бүхий уурын шугам задрах үед хажууд нь байсан хүн ямар ч амьд үлдэх боломжгүй байдаг аж. Ослын үеэр хохирогч дэлбэрэлт үүссэн труба буюу шугамыг эхлээд илрүүлэн зогсоох үүргийн дагуу ажиллаж байсан хэдий ч гэнэтхэн дахин өөр газарт томоохон дэлбэрэлт үүссэн байна. Тухайн осол гардаг шөнө ээлжинд 15-20 хүн ажиллаж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

-ДЭЛБЭРСЭН ТРУБАНЫ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН БАЙСАН ГЭВ-

Үйлдвэрийн осол гарсан өдрөөс хойш өнөөдрийн хүртэл дээрх дэлбэрэлт гарсан хэсгийн шугамыг станцын зүгээс засварласаар байгаа ажээ. Энэхүү харамсалтай ослын талаар “ДЦС 4” ТӨХК-ийн албаны хүнээс тодруулахыг оролдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад: Энэхүү үйлдвэрийн осолд энэ сарын 8-ны өдөр 31 настай Д-ийн амь нас хохирсон. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хохирогч 85%-ийн түлэгдэлтэй ГССҮТ-д хүргэгдэн очсон боловч амь насаа алдсан. Харин задарсан трубаны хувьд ашиглах хугацаа нь бүрэн дууссан байсан. Тухайн хэсгийн трубаг солих асуудал яригдаж байсан юм билээ гэв.

Энэхүү хэргийн талаар хохирогч Д-гийн төрсөн эгч фэйсбүүк хуудастаа Монгол Улсын Засгийн газар, “ДЦС 4” ТӨХК-ийн удирдлагууд, Эрчим хүчний яам яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна хэмээн бичжээ.

У.Уранцэцэг

Эх сурвалж: Medee.mn


2018-01-13 12:45:13