Хамгийн зартай луйврууд

Нэгэн зальжин эр АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонг жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг 1925 онд гарч байв. Хохирогч нь Техаст эдлэн газартай баян эр байжээ.

-XX зууны хамгийн зартай луйварчдын нэг Виктор Люстиг Эйфелийн цамхагийг бусдад зарсан байдаг. Тэрээр Парисын нэгэн сонинд “Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн” гэсэн мэдээг уншаад, Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан болон жүжиглэж байгаад төмрийн бизнес эрхэлдэг баянд худалдаж байжээ.

-Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчид мөн л америк баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггүй алга болсон байдаг.

-Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг Австралийн нэгэн бизнесмэн худалдаж авсан түүх бий. Луйварчин уг эртэй уулзаад Засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарж байгаа гэж ойлгуулан их хэмжээний мөнгө авсан байдаг. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэжээ.

-Нэг сэргэлэн луйварчин Америкаас ирсэн баян эрд Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг Бен цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарж байжээ.


2018-01-14 10:25:08