Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова ба түүнтэй адилхан хувь заяаг амссан орос бүсгүйчүүд

Цэдэнбал тэр үед “Хонины мах үнэртүүлсэн хөдөөний гаралтай цэвэр ичимхий монгол хүүхнүүдийг “хүн” гэж тоохгүй. Орос эхнэр л авна” гэж нэгэн цагийн сайн анд Базарын Ширэндэвтэй ярилцаж хоёулаа тэр зорилгодоо хүрсэн байдаг. Гэхдээ Цэдэнбал Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөхүүдийн сурагч насны охидыг эргүүлдэг байсан боловч ЗХУКН-ын Төв Хороо жижигхэн ч гэсэн тусгаар улсын хоёр дахь хүнд ямар эхнэр хэрэгтэйг Цэдэнбалаас өөрөөс нь илүү мэдэж байлаа.

Москвад очоод байсан Цэдэнбалыг Зөвлөлтийн зөвлөх Важнов гэртээ урьж хүүгийнхээ төрсөн өдөрт оролцуулжээ. Наснаасаа эрт таргалж, өмдний тэлээ нь сунасан цэвэрхэн царайтай Цэдэнбалын хажууд эрээн цоохор сарапан өмссөн шонтгор хамартай туранхай өндөр хүүхэн зэрэгцэн суусан нь ирээдүйн Цэдэнбал Филатова байжээ. Төрсөн өдрөө тэмдэглүүлж байсан адтай тэр жаал гэнэт тэр хоёр руу хуруугаараа зааж “Горько, горько” гэж хашгирсан ба “төрсөн өдөр” арга хэмжээнд оролцож байсан хүмүүс бүгдээрээ “ѫнсэлцэцгээ, үнсэлцэцгээ” гэж хашгиралдан хоёр залуу гэнэт нэгнийхээ халуун хошуун дээр явж очжээ. Тэдний хуримыг Москва дахь маршал Х.Чойбалсангийн эдлэнд хийсэн бөгөөд маршал төрсөн хүүгээ гэрлүүлж байгаа юм шиг нулимс цийлэлзүүлэн баярлаж тасартлаа ууж согтоод комиссарууддаа дамжлуулан гарч байсан гэдэг. Тэр анир чимээ багатай мөртлөө алдартнуудын хүрээнд болсон хурим дээр Настя “Хайран хөрөнгө мөнгө, үнэтэй болор хундага” гэж шалан дээр бяц үсэрч байсан гоёмсог эдлэлүүдийн төлөөнөө харамсч суужээ.

Анастасия бол Сапажок хотын архинд орсон нөхрүүдээ хөдөлмөрч, толгой дээшээ чанараараа шавхайтай хутгаад хаячихалгүй үеийн үед авч аварч явсан тийм омголон занатай, хар муу юмгүй хараал урсгасан хүүхнүүдийн нэг байлаа. Тэрээр маршал Х.Чойбалсанг насан өөд болтол гэрийн авгай байж, төрсөн нутаг, соёлт Москвагаа санаж Цэдэнбалд хайртайдаа л тэсч байсан гэдэг. Гэхдээ түүний нууж байсан “Сапожок хотын хүүхэн”-ий чанар нь хожим гэнэт дэлбэ үсэрсэн юм. Цэдэнбал эхнэртээ хайртай, бас хартай нэгэн байлаа. Зөвлөлтийн ХАА-н яамны мэргэжилтэн малын эмч мэргэжилтэй Дима буюу Дмитрич гэдэг эртэй Настяг хайр сэтгэлийн холбоотой байсныг тэр мэдмэгц төдөлгүй нөгөө гоонь хоцорсон эр нь умард туйл руу цөлөгдөж удалгүй нас барсан байдаг.

Бас Крымд амарч байхдаа Настяг Зөвлөлтийн Аюулаас хамгаалахын офицертой буу халсных нь төлөө орон дээр түлхэж унаган “Чи Монгол улсын төрийн тэргүүний эхнэр байж нэг муу офицертой шөнөөр нүцгэн шахам...” гэж золтой л нударга буулгаж орхиогүй гэдэг. Энэ нь Цэдэнбал ядраад амрах үеэр нойр нь сэрвэлзсэн Настя орос заншлаар унтлагын хувцастайгаа гарч Тэнгисийн хөвөөнд очиж хамгаалагч офицертой яг л орос хүний ёсоор шавайгаа ханатал буу халсан нь тэр. Түүнээс биш даргын бодсон шиг ямар ч юм тэр хоёрын дунд болоогүй гэдэг. Анастасия Монголд үнэхээр тамд байгаа юм шиг байжээ. Монголчуудын занг тэр ойлгохгүй. Гэтэл нөгөөдүүл нь түүнээс айгаад дөлдөг, харин авгай намайг хүн гэж тоож харьцахгүй байна хэмээн дотроо гомдоллодог.

Монголд түүнд хүний ёсоор чөлөөтэй буу халж, бурах хүн ч олддоггүй байв. Сүүлдээ хоцрогдсон Монголыг соёлтой улс болгох гэж Брежневээс өчнөөн зүйл гуйж, маанагдуу бардам тэр эрээс багагүйг салгаж байсан нь эдүгээ мартагдах шахсан аж. Тэр үнэхээр Монголд ирж байсан үеэс нь шал өөр Монголыг үлдээгээд Орос руу нөхөртэйгээ цөлөгдөхдөө яаж гомдож, цөхөрч байсныг хэн ч мэдэхгүй. Түүний нүдэн дээр явж байсан газраа морь харж, тэр үйлдлээ огт тоохгүй хир даг болсон хувцсандаа буяны даллага гэж хайрладаг байсан Монголыг нүдний өмнө соёлжсон, хотожсон улс болгосон нөхрөө Монголын түүхэнд төрсөн ганц том удирдагч хэмээн биширдэг, хүндэлдэг, бас загнаж гамнадаг нэгэн байлаа.

1981 онд Монгол улсын түүхийн талаар кино хийх болоход Наушки-Улаанбаатарын хооронд 1926 онд нислэг хийсэн Зөвлөлтийн нисэгчдийн урдаас толгойныхоо ар талд годгор үс хийсгэсэн өвгөн гүйж очоод үнсэж байгаа дүрсийг кино бүтээгчид оруулжээ. Авгай тэр муухай барзгар хар өвгөний дүрсийг зааж “Кто такой?” гэж асуусан гэдэг.

“Хичээнгүй сайд Цэрэндорж” гэнгүүт “Тэр хэн юм? Тэр Монголын төлөө юу хийсэн юм? Наад дүрсээ хас” гэж байсан гэдэг. Монголын төлөө бүхнийг хийсэн хүн түүнийг үхэн үхтэл түүний хувьд нөхрөөс нь өөр хэн ч биш байлаа.

Анастасия Ивановна Цеденбал-Филатовагаас өмнө гадаад улсын “тэргүүн хатагтай” болох хувь заяаг сонгосон орос бүсгүй бол Уралын хүнд машины үйлдвэрийн арван найман настай токарьч эмэгтэй Фаина Игнатьевна Вахрева байлаа. Тэр Дэлхийн нэгдүгээр дайны үед Урал руу дүрвэсэн белорус гэр бүлд төрж, эрт өнчрөн, Свердловскт эгчтэйгээ ядуу татуухан амь зууж байв. ѫйлдвэр дээрээ тэр нэг өдөр хорин хоёр настай ажилчин Николай Елизаровтай танилцжээ. Ази төрхтэй тэр залуу Хятадын хууль ёсны Ерөнхийлөгч байж ч үзсэн, Гоминданы намын удирдагч Чан Кай Шигийн хүү бөгөөд жинхэнэ нэр нь Цян Цзиго гэдэг юм гэж Фаина зүүдэлсэн ч үгүй.

Тэр тухай үйлдвэр даяараа мэддэггүй байжээ. Түүний гайхалтай намтар түүхийг Фаина нөхрөө болсных нь дараа мэджээ. Цян Цзинго сурагч байхдаа жагсаал цуглаанд оролцсон хэргээр нэг бус удаа баривчлагдаж байжээ. Тэр аавынхаа ятгалгаар Москвад Гоминдан намын үндэслэгч Сун Ят Сений нэрэмжит их сургуулийн оюутан болсон аж. Их сургуулийн захирал нь Лениний дотны найз Карл Радек гэгч байв. Сонирхолтой нь Цянтай нэг курст Дэн Сяопин сурч байж. Хожим хоёр найзын нэг нь арлын Тайван, нөгөө нь эх газрын Хятадыг удирдах болсон хувь заяаны сонин үзэгдэл мөн биз ээ. Троцкизмтай тэмцэх жилүүдэд Цян троцкист үзлийг тунхаглагч Чан эцгээсээ нүүр буруулав. Чан Кай Ши хүүдээ итгэдэг байлаа. Тэр “Хүү минь аргагүй байдалд ороод ингэж байна” гэдэг байв. Цян нэрээ Николай Елизаров болгон сольж Ленинградад Цэрэг-улс төрийн академи төгссөн боовч хувьсгалын онолыг биш социализмыг бүтээн байгуулах бодит туршлагыг сонирхож байв.

Тэр үйлдвэрийн ажилчин, улмаар хамтралчин, дараа нь Сибирьт алт угааж явжээ. Энэ бүхэн Чан Кай Шигийн хүүгээс л гарах дотор ухаан байлаа. 1935 онд Елизаров (Уян) токарьч Вахрева хоёр гэрлэж, хүүтэй болжээ. 30-аад оны сүүлчээр эх орноосоо “урвасан” Елизаровт баривчлагдах “аюул” нүүрлэв. Чан Кай Ши бүх таньдаг мэддэг хүмүүстэй холбоо барьж хүүгээ Фаинагийн хамт Хятад руу авахаар болжээ. Эцгийгээ эх газраас хөөгдөж Тайваны Ерөнхийлөгч болоход Цян хамгийн гол үүрэг гүйцэтгэжээ.

1973 оноос Цян Цзинго арлаа бүрэн захиран удирдах болж, эцгийгээ нас барсны дараа Тайваны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүний бүх ажил хэрэгт Фан-лян (Фаинад ийм хятад нэр өгчээ) тусалдаг байв. Тэрээр нөхөртэйгээ 53 жил ханилж, арлынхны хайртай хүмүүсийн нэг болсон бөгөөд, түүнтэй олон орны гарамгай эмэгтэйчүүд захидлаар харилцаж байжээ. 1988 онд нөхөр нь нас барахад тэр арлынхны хайр хүндэтгэлээр хүрээлүүлэн үлдэж Орос нутаг руугаа буцахгүй, Тайваны ерөнхийлөгчийн эхнэр хэвээрээ насан эцэслэжээ.

Харин Унгарын “Тэргүүн хатагтай” болсон Лена мөрний эрэг дээр байдаг Олекминск гэдэг жижигхэн хотын багш нарын гэр бүлээс гаралтай якут бүсгүй Феодара ч гэсэн Зөвлөлтийн харъяанд байсан үндэстэн болохын учир “Орос”-оор харагдаж байв. Тэр бусад бүсгүйчүүдээс арай илүү боловсрол, хэргэм зэрэгтэй нэгэн байлаа. Феодора 1940 онд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн гишүүн, хуульчдын эвлэлийн дарга байхдаа амьдралынхаа 16 жилийг шоронд өнгөрөөсөн Унгарын коммунист Матьяш Ракоштой танилцжээ. Тэр бүсгүй өмнөх нөхрөөсөө нэг хүүтэй байв. Нэг нь шоронгоор явсан шархтай, нөгөө нь дагавар хүүхдийн эмзэг сэдэвтэй байснаас ямар ч эргэлзэж тээнэгэлзэлгүй гэрлэжээ. Дэлхийн II дайны дараа Матьяш Ракош Унгарын Хөдөлмөрчдийн намыг толгойлж Москвад толгой хоргодож байсан хуучин Коминтерны гишүүдийн хамт улс орноо удирдаж эхэлжээ.

1956 онд Будапештэд Ракошийн удирдлагын алдааны эсрэг 200 мянган хүн оролцсон жагсаал болж, Унгар орны хувьд улс төрийн түгшүүртэй байдал үүслээ. Феодара ийм хэцүү үед нь нөхрөө орхихгүй гэж эх орноосоо “урвасан” байна. Унгарт баривчилсан боловч тэр хоёр Унгар орондоо амгалан тайван амьдарч чадаагүй юм. Тэр үнэнч хосууд Москва, Краснодар, Токмак, Горький зэрэг хотуудад нүүдэллэн салхинд хөөгдсөн хамхуул мэт амьдарсаар нөхөр нь 1971 онд нас баржээ.

Бидний хэлж заншсанаар гуравдагч орны бэр болж очсон нэгэн орос эмэгтэй бас бий. Татьяна Сергеевна Африкийн баруун өмнөд хэсэгт орших Ангол улсын хожмын ерөнхийлөгч Душ Сантушийн гэргий болжээ. 1960-аад оны дундуур тэр хоёр Бакугийн Газрын тос, шатдаг хийн дээд сургуулийг төгсөөд шуудхан Анголыг зорьжээ. Татьяна гэдэг орсо бүсгүй манай монгол бүсгүйчүүд шиг буржгар толгойтой бор хүүхэд тэврээд эх орондоо байхыг хүсээгүй юм. Тэр хоёрыг Анголын Ардын чөлөөлөх хөдөлгөөнийхөн алга ташин хүлээж авсан бөгөөд нөхөр нь шууд сайдын суудалд сууж, Татьяна Анголын газрын тосны компаниудад ажиллаж байв. Тэр хоёрын хувь заяа мэдээж ЗХУКН-ын сайтар найруулсан сценариар шийдэгдсэн гэдгийг мартах ёсгүй. ѫнэндээ хайр сэтгэлийн хажуугаар улс төрийн учир шалтгаан байсан гэж болно. Португалийн хараанаас гарч социалист чиг баримжаа руу “нүүрээ үрчийлгэн” зүтгэж байгаа Ангол 1975 оны 11-р сарын 11-нд тусгаар тогтнож БНААУ гэж дэлхийд зарлажээ. ѫүнээс 4 жилийн дараа Душ Сантуш Анголын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэр хоёр эцэгтэйгээ дэндүү төстэй буржгар бор охинтой байсан боловч Душ Сантуш нутгийнхаа заншил уламжлалыг дагаж, эхнэрээсээ салж ангол эмэгтэйг авч шинээр гэр бүл болжээ.

Түүнийг Анголын анхны Ерөнхийлөгчийн гэргий нь гадаад эмэгтэй, тэгэхдээ өөр арьстан байх нь зохимжгүй гэж үзсэн хүрээллийнхний шахалтанд орсон гэлцдэг. Татьяна Сергеевна охинтойгоо хамт тус орныг орхиж явсан бөгөөд нэгэн үед Наполеон Бонапартыг цөлдөг байсан Британийн арлуудын аль нэгэнд “нуугдсан” байх гэсэн таамаглал бий.

С.Мөнх

Эх сурвалж: wikimon.mn


2018-01-14 10:44:40