“Нисдэг” чарганы аюул

Энэ хэрэгцээг дагаад дээрх газруудын зам дагуу өнгө өнгийн хуванцар чарга худалдах нь элбэгшээд буй. Чарганы худалдаачид “Солонгосын хугардаггүй, чанартай чарга байна” хэмээн бараагаа магтаж, 15-25 мянган төгрөгөөр худалдана. Салхинд гарахаар зорьсон иргэд үр хүүхдэдээ аль боломжийн үнэтэй, чанартайг нь худалдан авахыг зорьдог боловч үнэн хэрэгтээ Солонгосын гэх энэхүү хуванцар эд Хятадын “нисдэг” нэртэй чарга болохыг үр хүүхэд нь осолдож, гэмтсэн хойно нь л эцэг эхчүүд ухаарч байна.

ГССҮТ-д жилд дунджаар 60 орчим мянган хүн осолдож ирдэгээс 40 орчим хувийг унаж, бэртсэн гэмтэл эзэлж байна. Харин унаж, гэмтсэн бэртлийн 10 гаруй хувь нь чарганаас осолдсон бэртэл, гэмтэл байгааг тус эмнэлгийн статистик, тандалтын мэдээлэлд дурджээ. “Сүүлийн үед хятад чарганаас унаж, осолдсон хэрэг олон бүртгэгдэж байна. Тиймээс хятад чарга “нисдэг” чарга гэсэн нэршилтэй болоод байна. Амралтын өдрүүдэд агаарт гарсан иргэд чарганаас унаж, гар, хөл, хүзүү, нуруу, тархиа гэмтээж ирдэг. Өвлийн улиралд хамгийн багадаа л өдөрт хүнд, хөнгөн бэртэлтэй 10 хүн ирж байна. Мөн хүүхэд гэлтгүй хүүхэдтэйгээ хамт гулгаж байгаад чарганаас унасан гэх том хүмүүс ч олон” хэмээн ГССҮТ-ийн хэрэг бүртгэгч цагдаа Ч.Очир хэллээ.

Иймээс бусдад сэрэмжлүүлэх үүднээс саяхан болсон ослын хэд хэдэн жишээг дурдая. Богдхан ууланд есөн настай хүүхэд 15 мянган төгрөгийн үнэтэй хятад чаргаар уулын орой дээрээс эрчтэй гулгаж байгаад зогсож чадалгүй явсаар автомашины доогуур орж хүзүү, нуруугаа гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан байна. Хэдэн жилийн өмнө Хандгайтад нэг залуу чаргаар гулгаж яваад хөгшин хүнийг дайрснаас газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай. Үүнээс хойш хэсэг хугацаанд цанын баазуудын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд хяналт тавьдаг болсон ч өнөөдөр байдал эргээд хавтгайрч байгааг дээрх жишээнээс харж болно.
Нөгөөтэйгүүр, өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалтын цанын бааз байхгүй учир иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хямд төсөр аргаар хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг.

Нийслэлд ганцхан байдаг стандартад нийцсэн цанын бааз Скай резорт хэдий найдвартай ч харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр байрлалтай уулын амыг барааддаг нууц биш. Тэрчлэн хаа дуртай газраасаа гулгадаг энэ байдлыг хянаж, хорьж, зохицуулах газар байхгүйгээс өнөөдөр Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүнээр дүүрээд байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, Хятадын “нисдэг” чарганаас татгалзаж, зориулалтын бус газарт гулгуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх Сурвалж: Засгийн Газрын Мэдээ


2018-01-17 14:01:04