Асасэкирюү Б.Дашням ирэх хоёрдугаар сарын 4-нд зодог тайлна

Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны Монгол сүмочдын нэг тэрбээр 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэсэн билээ. 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм.

Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв.

Гэвч 2016 оны кюүшю башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлсны дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул иргэншлээ сольж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Японы иргэн болсон юм.

Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах ажээ.

Өнгөрсөн 2017 онд Асасэкирюү Б.Дашнямаас гадна ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж, Шёотэнро Д.Нямсүрэн нарын Монгол сүмоч зодог тайлсан юм.

Эх сурвалж: MNB.mn


2018-01-19 16:09:04