“Сод Монгол”, “Петровис” компаниудын даварсан хоншоорыг тас цохих хэрэгтэй

Энэ удаа “Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн гэнэ. Гэтэл манай дотоодын нефть импортлогч “Петровис”, “Сод Монгол” тэргүүтэй компаниуд 256 тэрбум төгрөг өгчихвөл шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмье гэж Засгийн газрыг шантаажилжээ. “Даварчихсан монгол компаниудад 256 тэрбумыг өгч байхаар Орос ах нарын компанийг оруулъя. Шударга зах зээлд өрсөлдөж чадахгүй бол дампуурна л биз. Монголчууд яасан гэж тэд нарыг тэжээх ёстой юм” гэсэн байр суурь ч их харагдана. Тэгвэл “Роснефть” чухам ямар санал тавьдаг юм бол оо. Тэдний зүгээс  

  1. Нефть бааз байгуулах, хадгалах систем, нефтийн бүтээгдэхүүний ложистик бий болгох,
  2. Иргэдэд зориулсан цогц үйлчилгээ (дэлгүүр, цайны газар, техникийн үйлчилгээ, автомашин угаалгын газар зэрэг) бүхий орчин үеийн шатахуун түгээх станц барих, ашиглах.
  3. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд ТЗК барих, улмаар ашиглах хамтарсан үйлдвэр барих, уг үйлдвэр нь онгоцны түлш нийлүүлэхээс эхлээд цэнэглэх хүртэлх бүх л цогц үйлчилгээг үзүүлэх. 
  4. Монголын нефтийн зах зээлд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд "Роснефть"-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх удаан хугацааны баталгаа олгох гэсэн үндсэн дөрвөн зүйлийг санал болгодог.

“Оруулж ирэх нь зөв. Өрсөлдөөн үүсч, үнэ буурна” гэх нэг хэсэг байхад “харин ч өсөх магадлалтай” гэх хүн ч буй. Тус компани ийм утгатай захидал ирүүлэхэд уг асуудлыг тухайн үеийн Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч хууль тогтоогчид “Үндэсний аюулгүй байдал” яриад буцаасан билээ. Масс ч үүнийг зөвшиж байсан юм. “Роснефть”-д төрийн оролцоо байдаг, дээр нь В.Путины орлогч Игорь Сечин гэгч нөхөр Захирлуудын зөвлөлд суудаг нь монголчуудад тус компанийг зүгээр л нэг  аж ахуйн нэгж биш гэж харахад хүргэсэн байж болох. Гэтэл одоо И.Сечин Захирлуудын зөвлөлд хэвээрээ, төрийн оролцоо ч хэвээрээ байхад л “оруулаад ирье, ирье” гэлцэж байгаа нь дотоодын шатахуун импортлогчдын увайгүй бодлоготой холбоотой. Үүнд “Петровис”, “Сод Монгол” хамгийн түрүүнд нэрлэгдэнэ. Адилхан л “Роснефть”-иэс авч байгаа ч гэсэн бусад аж ахуйн нэгжүүд “эхэлж авснаа эхэлж зарлагадах” аргаар үнээ тодорхой хэмжээгээр барьж болоод байхад “Роснефть”-тэй хамгийн “зузаан” харилцаатай тус компани шууд үнээ нэмж, нийгэмд бухимдал үүсгэсэн юм. Энэ утгаараа “Оросын компанийг оруулж ирээд хямдхан үнэтэй шатахуун хэрэглэе” гэсэн осолтой сонголт руу түлхэж байгаа дотоодын импортлогч компаниуд монголчуудад туйлын хорлонтой үйлдэл гаргаж байна.

“Роснефть” орж ирвэл дотоодын шатахуун импортлогчдод ашиггүй. Гэхдээ “Сод Монгол” болон “Петровис”-ын хувьд байдал өөр байж болох тухай хардлага бий. “Роснефть” компани “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шатахуун цэнэглэх хадгалах станц барих эрхийг олж авахад Ц.Анандбазарын оруулсан хувь нэмэр их. МИАТ-д шатахуун шахах эрхийг дангаараа эдэлдэг байсан “Сод Монгол”-ын эзэн ямар нэгэн тохироо, эрх ашгийн үүднээс л ийм алхам хийхэд хүрсэн гэх яриа тухайн үед дуулдаж байв. Үүний цаана “Роснефть”-ийг оруулж ирээд, дотоодын импортлогчдыг шахаж, Монголын зах зээл дээр “Роснефть”, “Сод Монгол”, “Петровис” гэх гуравхан тоглогч үлдээх санаархал явж байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар МИАТ-д шатахуун “шахах” эрхийг Ц.Анандбазар чухам “Роснефть”-ийн хүчээр эзэмшиж байсан гэсэн яриа бий. МИАТ дахь “Сод Монгол”-ын дархан эрхийг баталгаажуулахын тулд Оросын компани монополь байдлаараа ЭБЭХЯ-нд шахалт үзүүлсэн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан удаатай.

Шуудхан хэлэхэд, хоёр компани өвөр түрийдээ орсон байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, “Роснефть” “Сод Монгол”-ын хувьцааг худалдаж аван тал засаад, ирээдүйд Монголд байгуулагдах компаниудыг (шатахуун түгээх станц гэх мэт) хуваан эзэмшихээр тохирсон байж бүрэн болно.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7.2-т заасан ”Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн хяналтад байгаа нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Захидалд энэ заалтыг өөрчлөх тухай ч дурдсан байсан.

Шаардлагуудыг манай Засгийн газар хүлээж авбал хууль зөрчсөн хэрэг болох тул гуравдагч эх үүсвэрийг хайж байгаа. 2008 онд Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй юм. Нэгэнт  захидалд дурдагдсан шаардлагыг хүлээж авалгүй, хуулиа баримтлахаар шийдэж байгаа юм бол одоо гадны гар хөл бологчдод хариуцлага тооцох цаг болсон. УИХ, Засгийн газар татгалзсаар байтал үнээ дур мэдэн нэмж, нийгэмд бухимдал үүсгэн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд массын зүгээс ирэх шахалтыг нэмэгдүүлэх алхмаа хийсээр байгаа нь хэтэрхий увайгүй үйлдэл. Хэзээ ч билээ, шатахуун импортлогчид хуйвалдаанаар үнээ нэмсний дараа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд Монополь тогтоохыг оролдсон, давуу талаа ашиглан үнээ нэмж их хэмжээний ашиг болсон бол бүгдэд нь адил биш, жилийн орлогынх нь тодорхой хувиар торгох заалт оруулна гэж байсан ч оруулаагүй бололтой.

Монголын ард түмнийг Засгийн газрынх нь эсрэг турхирч, өөрсдийн шантаажаараа нийгмийг нийтээр нь бухимдуулж байгаа “Сод Монгол”, “Петровис” зэрэг компанийг нэгхэн өдрийн орлогоор нь торгоод өнгөрөх нь үнэндээ л тэдэнд ямар ч дохио өгөхгүй. Тэдэнд цохилт өгч чадахгүй гэдгийг тооцоолсон учраас л тэд ийнхүү монопольдож, даварч, даапаалж чадаж байгаа хэрэг билээ. Тиймээс тэдний хандыг нам дарахын тулд лицензийг нь хурааж, нефть импортлогчдын тооноос хасах хэрэгтэй юм. Гадаадын компанийг тэжээснээс өөрийн компаниудыг дэмжсэн нь дээр гэсэн төрийн бодлогод буруу даварч, бухын хүзүү гаргаж байгаа бол эргээд тэднийг няц дарах хэрэгтэй. Гагцхүү ийм шийдвэртэй эрсхэн алхам хийж чадах улстөрчид Монголд бий юу гэдэг эргэлзээтэй. “Петровис”, “Сод Монгол” зэрэг компаниуд улс төрд эрх ашгаа нэлээн лав шургуулсан талаар амтай бүхэн л ярьдаг, хэлдэг. Тэдний эрх ашгийг төлөөлдөг, хамгаалдаг улстөрчид УИХ-д ч, Засгийн газарт ч олноороо бий. Тиймдээ ч өнөөдөр шатахуун импортлогч эдгээр монополиуд монголчуудыг хаантай нь, харцтай нь хамт шантаажилж чадаж байна.

 


2018-01-19 20:01:36