Эрүүл мэндийн ямар ч асуудалгүй үедээ жирэмсэлбэл хүүхдийн дархлаа сайн байна

Сүүлийн үед агаар, хөрсний бохирдол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зэргээс шалтгаалан хүмүүс бидний дархлааны тогтолцоог дарангуйлсаар байна.

Ялангуяа хүүхэд, багачуудын дархлаа муу ханиад томуунд өртөмхий болж, амархан хүндэрч, элдэв зүйлсээс харшламтгай байгаа талаар эцэг эхчүүд хэлж байгаа юм.

Тэгвэл хүүхдийнхээ дархлааг дэмжихэд эцэг эхчүүд юун дээр анхаарах талаар 26 жил хүүхдийн эмчээр ажиллаж буй  клиникийн профессор Б.Бат-Өлзийгийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр “Жирэмслэхээсээ өмнө л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй үедээ л жирэмсэлж байж, эрүүл хүүхэдтэй болно. Одоо тонусгүй жирэмслэлт гэж алга. Эсвэл зулбах, өсөлтгүй жирэмслэлт гэдэг болж. Энэ бүхэн юунаас болж байна вэ гэвэл ээжийн эрүүл мэндтэй шууд холбоотой.

Тонус гэдэг нь бие махбодь цаашид тээж чадахгүй нь ээ гээд сав нь базлаад ургийг гаргах гээд байгаа юм. Харин өсөлтгүй жирэмслэлт гэдэг бол бие махбодь ургийг тэжээж чадахгүй болсон гэсэн үг. Эхэд ургийг тэжээх хэмжээний зүйлс дутагдалтай байна” хэмээн тайлбарласан юм.

Төрсний дараа 1 цагийн доторх хар уураг хүүхдийн дархлааны эх үүсвэр. Дархлааны тогтолцоо нь төрөлхийн болон олдмол гэж бий. Төрөлхийн гэдэг нь хүн ээжийнхээ дархлааны тогтолцоог цусаар, дархлааны эсийн мэдээллээр авч төрж буйг хэлдэг.  Мөн төрсний дараа нэг цагийн дотор гардаг хар уургаар дамжуулан дархлаатай болдог. Энэ бүгдийг төрөлхийн дархлаа гэж нэрлэдэг.

Хүний дархлааны тогтолцоо хэвийн мэдээлэлтэй байх юм бол гаднаас орж ирж буй эмийн, химийн бодис, харшил төрүүлэгч, агаар, хөрсөнд байгаа хортой бодисууд орж ирэх болгонд дархлааны эсүүд түүнийг нь таньж, устгаж байдаг.

Төрөлхийн дархлааны тогтолцоог маш сайн дэмжиж байвал хүн илүү эрүүл, халдвар, харшил, хорт бодист тэсвэртэй байх цаашлаад хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Дархлааны хомсдолтой төрсөн хүүхэд өвчлөмтгий, өвдсөн хойноо хүндрэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс гэр бүл болж буй хосууд болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол ээж өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хосууд хүүхэдтэй болохоосоо өмнө эмчид хандан, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Шинжилгээний дагуу эрүүл мэндийн асуудал байвал зохих эмчилгээ хийлгээрэй. Учир нь ээж цус багадалттай, кальцийн дутагдалтай байвал төрүүлсэн хүүхэд нь мөн л тийм байна. Мөн түүнээс гадна эрүүл мэндийн асуудалтай ээжүүд төрсний дараа илүү их ядарч, сульддаг учраас хүүхдийнхээ төдийгүй өөрийн эрүүл мэнддээ анхаарах хамгийн чухал зүйл нь хүүхэдтэй болохоосоо биеийн ерөнхий байдлыг мэдэж, эмчлэх юм байна.  

Р.Адъяасүрэн

Эх сурвалж: GoGo.mn


2018-01-19 22:14:13