БЗД-ийн амжиргааны түвшин доогуур 11 айлд тусламж үзүүлэв

Ам бүл тавуулаа гурван хүүхэдтэй энэ өрхийн тэргүүн нь хөдөлмөрийн чадварын 80 хувийг алдаад хоёр жил болжээ. Эхнэр нь нөхрөө харж ханддаг учир орлогогүй. Бага, дунд хоёр охин хоёр нь дунд сургуульд сурдаг. Харин том хүү нь л ажил хийж таван ам бүлийг тэжээдэг гэнэ. Группийн 216 мянган төгрөг авдаг боловч тэдэнд орон гэртэй болоход хараахан хүрдэггүй аж. Өвөл болохоос өмнө хоёр давхар эсгий ханатай дулаан сууцтай болсондоо баярлан бие муутай ч биднийг хараад  босох гэж оролдох Ц.Түвдэндорж ах хэлэхдээ "Ах нь ноосны үйлдвэрт ажилладаг байлаа. Бусдын адил амьдарч байсан тэр үед гэнэт л даралт харвасан болохоор... Гэхдээ амьдрал баялаг юм аа. Өөрийн гэсэн орон гэртэй болсондоо маш их баярлаж байна.  Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье" гэв.   Тэд өмнө нь сард 50 мянган төгрөгийн түрээстэй хашаа байшинд амьдардаг байжээ.


М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК-ны гадаад харилцааны албаны мэргэжилтэн О.Одонтуяа идээний дээж, алд цэнхэр хадгийн хамт гэрийн түлхүүрийг хүлээлгэн өгөхөд гэрийн эзэгтэй Ё.Энхжаргал баярын нулимсаа биднээс нуусангүй.

Энэ мэт 6 өрхийг БЗД-ийн дүүргийн нийгмийн ажилтны гаргасан нөхцөл байдлын үнэлгээний дагуу сонгон орон гэртэй болгож,  хоёр айлын зуны байшинг засварлан, яаралтай хагалгаа хийлгэх хоёр хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, нэг айлын хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн буянтай ажил хийсээр байна.


2018-02-13 10:58:39