"Ногоон гэр" зорилтот төслийг хэрэгжүүлэхээр талууд санамж бичиг үйлдлээ

"Батгэрэлт үйлс" НҮТББ-ын санаачлагаар JCI Лидер салбар байгууллагаас 2018 онд нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэх “Ногоон гэр” зорилтот төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) -тэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Төслийн хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын “Нийт хүн амыг эрүүл, сайн сайхан амьдрах нөхцлөөр хангах” , Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын “2020 он гэхэд 10,000 хүн амд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бууруулах” зорилго бүхий “Ногоон гэр” төслийг ийнхүү эхлүүлэх санамж бичигт JCI Лидер салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар гарын үсэг зурж хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү баримтжууллаа.

Төслийн хүрээнд ХСҮТ-д эко орчин бүхий “Ногоон гэр”-ийг бий болгож энэ нь тус төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээний бус чөлөөт цагт нь суурилан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх замаар тухайн өвчтөнийг сэтгэл заслын орчин үеийн олон аргуудаар өвчнөө мартах, сатаарах цаашлаад энэ нь эмчилгээний үр дүнд эерэг үр дүнг авчирна гэж төслийн багийн зүгээс харж байна. Бид нийгмийг ХАВДАР гэгч аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний идэвхи чухал гэдгийг ухуулах, уриалах мөн "ХАВДАР"-тайгаа тэмцэж буй мянга, мянга өвчтөн тэдгээрийн гэр бүлд өвчинөө даван туулах сэтгэлийн их урам, зориг хүчийг өгөх зорилгоор “Ногоон гэр” зорилтот төслийнхөө бэлтгэл ажлыг хангаж байна. Удахгүй та бүхэнтэйгээ олон сайхан мэдээтэй эргэн уулзана гэдэгтэй итгэлтэй байна. 
Төслийг чин сэтгэл, зүрхээрээ дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа

Хүндэтгэсэн
Батгэрэлийн Ундрах
“Ногоон гэр” зорилтот төслийн удирдагч

2018.02.27н


2018-03-19 23:51:24