АМЬДРАЛААС ЗӨВХӨН САЙХАН ДУРСАМЖАА Л САНА

Амьдралаас зөвхөн гэгээн сайхан дурсамжаа л сана гэсэн үг байдаг. Тэрчилэн хүний амьдралд хүүхэд насны  дурсамжууд цаанаа л нэг л нандин байдаг. Тэр тусамаа гэгээн сайхан дурсамжуудаа хожимоо эргэн дурсан ярих нь олонтой. Тиймээс дүү нартаа хүүхэд насны мартагдашгүй сайхан дурсамж үлдээхийг зорьж LIKE HD Телевиз, “Заяа буяннэмэх”ТББ-ийн сайхан сэтгэлт залуусынхаа дэмжлэг туслалцаатайгаар өнөөдөр 60 хүүхдийг баярлууллаа. Өнөөдрийн хандивын үйл ажилагаанд олон улсын циркийн тоглолтын тасалбарыг дүү нартаа бэлэглэлээ. Тэр бүр гадуур гарч олон нийтийн үзвэр үйлчилгээнд яваад байдаггүй талаар тус төвийн менежер хэлж байсан юм. Бидний очиход дүү нар маань аль хэдий нь бэлэгний талаар мэдсэн бололтой баярлаж хөөрч угтаж авцгаалаа. Хүүхдүүдийн хувьд материаллаг бэлэгнээс илүүтэйгээр циркийн билетийг их л олзуурхаж байгаа нь анзаарагдсан юм. Бидний зүгээс дүү нартаа зөвхөн циркийн билет аваад очихыг хүсээгүй бөгөөд хүүхэд багачуудынхаа нас насанд нь тохируулан сонгосон оюуны тоглоом бүхий шатар, даам, оньсон хөлөгт тоглоом, залуу зохион бүтээгч сэтгүүл, зургийн дэвтэр, өнгийн харандаа зэргийг мөн бэлэглэсэн юм. Үүгээр зогсохгүй хүүхэд бүрийн расмерт тааруулан подвалк, майк, оймсыг мөн сонгосон.

Манай байгууллагын хувьд эдгээр авъяаслаг дүү нар дээрээ 2 дахь удаагаа зочилж бэлэг гардуулсан нь энэ байлаа. Харин "Манай гэр" төвийн захирал Гаамаа эгчийн хувьд хүүхдүүдээ яг л гэртээ байгаа юм шиг орчинд амьдруулахыг ихэд хичээдэг талаараа бидэнтэй хөөрөлдсөн юм. Тэр хүний хайр халамж сэтгэл нь асрамжинд нь байгаа хөөрхөн дүү нарын минь нүдний гал цогноос илт харагдаж байсныг нуух юун. Тэрээр том хүүхдүүд маань өөрсдөө хоолны цэсээ гаргаж өөрсдөө хоолоо хийдэг юм гэсээр бидэнд  гэрээ танилцууллаа. Гаамаа эгчийн олон хүүхдүүдээс жүжигчин, дуучин, бүжигчин гээд төрөл бүрийн авъяас чадвартай хүүхдүүд олон бий. Мөн дүү нар маань өөрсдийн хийсэн бүтээлүүдээ танилцуулж бидэнд гарын бэлэг өгсөн юм. Монголын ирээдүй болсон хайр хүргэм хөөрхөн дүү нартаа хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсч дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье. 

                                                                                                                                                                                                                                                              Л.Сүндэрээ


2018-04-11 01:15:09