“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО НЭГ ИХ НАЯД ДӨХЖЭЭ

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр эхний хагас жилийн тайлангаа танилцуулав.

Эхний хагас жилд 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэхдээ, “Манай компани 2010 онд байгуулагдснаас хойш хугацаанд нийгэм, эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, хямралуудтай нүүр тулж, нүүрсний үнийн уналт хэд хэдэн удаа дайрч ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч байсныг та бүхэн мэднэ. Мөн улстөрчдийн зарим шийдвэрийн хүрээнд компанийн зарим гэрээ, олборлолт, үйл ажиллагаа хүртэл зогсож байсан үе бий. Тэгвэл өнөөдөр бид тэр бүх хүндрэл бэрхшээлийн ард гараад байна. Өөрөөр хэлбэл бидний өмнө санхүүгийн том боломж, том ирээдүй байна. Монгол Улсын 3 сая иргэнийг төлөөлсөн компани үүргээ хангалттай биелүүлж байгааг та бүхэн өнөөдрийн тоон үзүүлэлтээс харах боломжтой” гээд “ЭТТ” ХК энэ оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 2018 оны баталсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг нь хагас жилийн үзүүлэлтээрээ хийж гүйцэтгэж чаджээ. Мөн улсын төсөвт төвлөрүүлэх 285.4 тэрбум төгрөгийн үүрэг хүлээснээс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд оруулснаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 110 хувийн гүйцэтгэлтэй ажиллаад байна. 2017 онд төвлөрүүлсэн 253.3 тэрбум төгрөгөөр ТОП-100 ААН-ийн хоёрт жагсан амжилттай ажилласан бол энэ онд мөн адил хагас жилд 90 хувийн ажлаа хийж улсад оруулах өгөөж жил бүр өсөн нэмэгдсээр байгааг онцлож байв. Ингэснээр “ЭТТ” ХК өөрийн шууд хамаарал бүхий төслүүдийнхээ зохих хэсгийг өөрөө санхүүжүүлэх чадавхитай болж ирж байгаа аж. Дээр нь “ЭТТ” ХК 1072 хувьцааг амилуулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа гэдгээ илэрхийлсэн юм. Эдийн засаг, санхүүгийн ийм нөхцөл байдал дээрээ үндэслээд компани өөрийн төсөл хөтөлбөрүүдээсээ хэрэгжүүлэх боломжтой болж. Энэ нь компанийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд санхүүгийн хувьд чадавхитай болох нь харагдана гэж байв.

Нүүрс олборлолтоо 2 сая тонноор давуулсан байна


Дээрх ашиг орлого бүгд нүүрсний үнэ дээр тогтож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд үнийн 2 төрлийн аргачлалыг хэрэглэж, БНХАУ-ын “Чалко трейдинг Хонгконг” компанитай гэрээ байгуулж ирсэн. Он гарснаас хойш 59.33 ам.доллар байсан нэг тонн нүүрсний үнийг 61.0 ам.доллар болгон үнийг 2 ч удаа өсгөж иржээ. Ингэхийн тулд 2 ч ажлыг зохион байгуулж ирсний нэг нь үнэ тогтоох 4 аргачлал бүхий аргыг 2018 он хүртэл хэрэглэж ирэн энэ оноос 5 дахь индексийг оруулж ирсэн нь төрийн өмчит компаниудын үнийг тогтооход их дөхөм болж байгаа гэв. Хамгийн гол нь суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадлаа. Суурь үнийг 61.0 ам.доллараар тогтоож энэ үнээс буухгүйгээр, эдийн засгийн ямар нэг хүндрэлтэй байдал үүслээ гэхэд нүүрсний үнийн огцом уналтаас сэргийлж чадсан. Харин эдийн засаг санхүү сайн байгаад нүүрсний үнэ өссөн нөхцөлд тэр өссөн үнийн дүнгээ авах юм. Энэ нь нүүрсний үнэ тонн нь 61.0 ам.доллараас буухгүй, түүнээс дээш байна гэсэн үг. Хоёрт, баруун Цанхийн болон бусад ордын нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдаж байна. Энэ онд нэг тонн нь 68 ам.доллар байсан нээлттэй сонгон шалгаруулалтын үнийг 69-70 ам.доллараас дээш тогтоож чадлаа. Энд 1-2 ам.долларын зөрүүтэй 2 том тоо харагдаж буй боловч зөвхөн эндээс 12 сая ам.доллар буюу 34 тэрбум төгрөгийн асуудал хөндөж байгаа юм. Өмнө нь 68 ам.доллар байсан гэрээнүүдийг бид бүгдийг нь 70 ам.доллар болгосон гэв. Ингээд энэ оны эхний хагаст 4.9 сая тонн нүүр олборлох байснаас 5.1 сая тонн нүүрс олборлож 51 хувиар даалгавраа давуулан биелүүлжээ. Эхний хагас жилд 6.8 сая тонн нүүрс экспортлож 64 хувиар мөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Ийнхүү БНХАУ-ын “Чалко трейдинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнийн уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцож, 59.33 ам.доллар байсан нэг тонн нүүрсний үнийг 61.0 ам.доллар болгон өсгөж, бусад нээлттэй сонгон шалгаруулалтаар нүүрсээ 68 ам.доллараас 70 ам.доллараас дээш үнээр тогтоон гаргасан нь орлогыг нэмж, ашигтай ажиллах суур нөхцөл болсныг дурдаж байв.

Найман жилд 40 сая тонн нүүрс олборлосон түүхэн амжилтыг үзүүлэв

2014 оноос хойш таслаад байсан нөөцийн болон ашиглалтын хайгуулын ажлыг энэ жил нөөцийн хайгуулыг 50 мянган тууш м, ашиглалтын хайгуулыг 13 тууш м-т хийж гүйцэтгэн 27 мянган дээж авснаас 12 гаруй мянган дээжийн хариуг гаргаж, үүний үр дүнд “ЭТТ” ХК-ийн нүүрсний нөөц 270 орчим, түүнээс дээш хэмжээгээр өссөн бөгөөд энэ нь баталгаажиж ирснээр компанийн үнэлгээнд нөлөөлөх боломжтой болжээ. “ЭТТ” ХК-ийн уурхайчдын бүтээсэн түүхэн нэг үйл явдал саяхан долдугаар сарын 2-нд тохисон нь тус компани өнгөрсөн 8 жилийн хугацаанд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон амжилт үзүүлжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд олон улсын стандартын дагуу техник, тоног төхөөрөмжөө ашиглаж, гол нь технологийн горимыг зөрчилгүй явж ирсэн. Энэ оны хувьд компанийн зүгээс ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар нэмж, дээр нь шөнийн үйл ажиллагааны нэмэгдлийг 5 дахин өсгөж ХАБ-ын хувийг үндсэн цалин дээр 10 байсныг 15 хувь болгожээ. Мөн шинээр гэр бүл болох, хүүхэдтэй болгоход туслаж дэмждэг Ажилчдын дэмжлэгийн сангийн хэмжээг 2 дахин өсгөж ажилчдын нийгмийн асуудал, ажиллаж амьдрах орчинг сайн хангаж компанийн үйл ажиллагааны гол үндэс суурь байдаг энэ ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид улам анхаарч ажиллана гэж байв. “Ажилчдын цалин нэмснээр хэдэн төгрөг болсон бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Би жишээ нь уурхайчидтайгаа адил хэмжээний цалин авдаг. Надаас дээш цалин авдаг 10 гаруй уурхайчин бий” хэмээн өөрийнхөө цалин 3.2 сая төгрөгөөр жишээ авч байв.

Хувьцаа эзмшигч 1.5 сая иргэнээс 300 мянга нь бүртгүүлжээ

Эцэст нь тус компанийн 1072 хувьцааны тухайд хэлэхдээ, “Манай компани дэлхийн хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаагаа гаргахаар олон улсын итгэмжилсэн байгууллагаар аудит хийлгэж санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд ажиллаж, хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлсэн”-ийг дуулгаад тус компанийн нийт хувьцаа эзэмших эрхтэй Монгол Улсын 2.5 сая иргэнээс дөнгөж 300 мянга нь бүртгэлийн данс нээсэн, 600 мянга нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй явааг дуулгаж, энэ ажлыг эрчимжүүлж байгаа мэдэгдэж байв. Өнөөдрийн байдлаар “ЭТТ” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын 2.5 сая иргэн, 486 ААН бүртгэлтэй байна.
Б.Болд


2018-07-30 16:13:21