ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАР 407-Р ХОРИХ АНГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг 30 жилийнхээ ойн хүрээнд “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн хоёрдугаар аяныг ШШГЕГ-ийн эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид өрнүүллээ.

“Сэтгэлийн гэгээ” анхдугаар аян Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/ дээр өрнөж тус эмнэлгийн эмч нар 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэдэд үзлэг оношлогоо хийж, шаардлагатай эм бэлдмэлээр хангасан билээ.

Харин хоёрдугаар аяны хүрээнд тус төвийн 10 эмч нийгмийн эрх нь хязгаарлагдсан хорих ангийн 60 эмэгтэйд дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн эхо, умайн хүзүү, эсийн шинжилгээ хийж, үзлэгт хамруулан, зөвлөгөө өглөө.

ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн их эмч Ш.Алтантуяа “Манай эмч нар 407 дугаар хорих ангийн эмэгтэйчүүдийн гуравны нэг буюу 60 эмэгтэйг гуравдугаар шатлалын нарийн үзлэг оношилгоонд хамрууллаа. “Сэтгэлийн гэгээ-2” аяныг “Флама” эмийн компани дэмжиж ажиллан, үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийг шаардлагатай эм бэлдмэлээр хангасанд талархал илэрхийлье. Манай эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, тэр бүр анхаарал халамжид байдаггүй хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдийг хамруулан үргэлжлүүлэхээр зорьж байна” хэмээн онцоллоо.

ШШГЕГ-ийн 407 дугаар хорих ангийн захиргаа ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэн, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн урласан бүтээлээс дурсгасан юм.

ШШГЕГ-ийн эмэгтэйчүүдийн хорих 407-р ангийн нийгмийн ахлах ажилтан Н.Мөнхтуяа “Манайх I, III болон Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй хамтран ажиллаж, хоригдлуудыг зургаан сард нэг удаа тогтмол үзлэгт хамруулдаг. Гэвч эмэгтэйчүүдийн үзлэгт тэр бүр хамруулдаггүй. Тиймээс санаачлага гарган хүрэлцэн ирж, ял эдлэж буй эмэгэйчүүдэд анхаарал тавьсан ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захиргаа, эмч, хамт олонд баярлалаа” хэмээн ярив.

У.Түвшинбаяр


2018-08-16 10:05:52