“МАНДАЛ ДААТГАЛ” КОМПАНИ 7.49 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ
Хөрөнгийн биржийн I ангилалд шинээр бүртгэлтэй “Мандал даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохив.  “Мандал даатгал”  компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр  үнэт цаасны худалдан авах захиалгыг авч эхэллээ. Хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээн авах юм  байна. “Мандал даатгал” ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, нийт 46 мянга гаруй даатгуулагчидтай, хураамжийн орлогоор даатгалын зах зээлийн 21 хувийг эзэлж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. Ийнхүү, даатгалын компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж байгаа нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, олон нийтийн компани болох боломж нээлттэй байгааг бусад даатгалын компаниудад харуулж байгаагийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулах чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов. 

2018-09-04 18:10:39