Малайзын гүнжээр манлайлуулсан дэлхийн охид, эмэгтэйчүүдийн хандивын ёслол

Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны Ази, Номхон далайн андуудын хандивын ёслолын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 11-ны өдрийн орой Blue sky-д ёслол төгөлдөр боллоо.

Монголын Эмэгтэй Скаутын Холбоо ТББ-аас зохион байгуулсан энэхүү ёслолд УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, Даадаа группын ерөнхий захирал, Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны Монгол дахь Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дашцэрэн, 9 орны андуудыг төлөөлсөн 107 гадаадын төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү хүндтэй үйл ажиллагааны эрхэмсэг зочин бол Малайз Улсын угсаа залгамжилсан гүнж Азизах Искандар, Ази Номхон далайн андуудын бүлгийн санаачлагч Солонгос улсын Жу Сеон Буюн, Андуудын ажлын албаны дарга Чин Чин Ви-Он  нар байлаа.

Азизах  Искандар ёслолын үеэр гадаадын орны төлөөлөгчид Скаутын холбооны сайн дурын гишүүд, хандивлагч нарт шагнал гардуулсан. Нэг ёсондоо Малайзын гүнжийн гараас шагнал хүртэж байгаа хүмүүсийн зэрэг дээшилж буйн шинж гэж ойлгож болох юм байна.

Гүнж Азизах Искандар сэтгүүлчдэдЭнэ ёслолд оролцож байгаагийн гол зорилго бол Монголын Эмэгтэй Скаутын холбоонд охид, эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийхээр ирсэн. Монголын Эмэгтэй Скаутын Холбоо өөрийн гэсэн ажлын байр байдаггүй. Энэ ёслолд орон орноос сайн дурын гишүүд авчирсан бараа, бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо Монголын Эмэгтэй Скаутын Холбоонд хандивлах юм. Малайз Улсын ард түмний өмнөөс монголчуудад энэ өдрийн мэнд хүргэж байна.” гэж ярьсан.

Ёслолын үеэр Андуудын ажлын албаны дарга Чин Чин Ви-Он тайлбарлахдаа “Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны Ази, Номхон далайн андуудын УЗХ-нд 17 хүн байдаг. Бид цалин авдаггүй, сайн дурын гишүүд. Бүхий л үйл ажиллагаанд оролцдог. 2018-2020 рны стратегийн төлөвлөгөөний хүрээнд охид, эмэгтэйчүүдийг дэлхийд шинэлэг, эерэг хүчтэй нөлөөллийг болгох замаар онцлон анхаарч ажиллаж байна.  Бүх үйл ажиллагаа гурван төрлийн төслийг хэрэгжүүлэхдээ харилцагч, сайн дурын андуудын санхүүжилтээр явагддаг юм. Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны үйл ажиллагааг 10 сая эмэгтэйчүүд дэмжиж, оролцож байна” гэв.

Энэхүү үйл ажиллагаа нь ЕБС-ийн 8-17 насны охид болон 18-30 насны залуу эмэгтэйчүүдийг манлайлагч, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, цаашлаад нийгэмдээ эерэг нөлөөлөх өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай зөв хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд нь дэмжих зорилготой аж.

БНСУ-аас ирсэн Эмэгтэй Скаутын холбооны Ази, Номхон далайн андуудын дэд захирал, Сургалтын албаны дарга Ra Eun Hee-тэй санал солилцоход “Ази, Номхон Далайн орнуудын Охид, эмэгтэйчүүдийн Скаутын холбоог анх үүсгэн байгуулсан хүн бол Солонгос Улсын эмэгтэй юм. Түүний нэрийг Пён Жү Сон гэдэг. Одоо 80 нас хүрсэн. Ирэх жил энэ байгууллага 20 жилийн ойгоо хийхдээ үүсгэн байгуулагчийн 80 жилийн ойг давхар тэмдэглэнэ. Энэхүү хүндтэй үйл ажиллагаа Сөүл хотноо болох юм. Манайд дэлхийн охид, эмэгтэйчүүдийн ур чадварыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.” хэмээн ярьж байлаа.

Энэ үеэр Б. Дашцэрэн “Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны Ази, Номхон далайн андуудын 150 оронд үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагын Зүүн Өмнөд Азийн салбар хороо Монголын Эмэгтэй Скаутын Холбоог гишүүнээр элсүүлж авсан баяртай үйл явдал энэ онд тохиолоо. Манай холбооны анхны үйл ажиллагаа болох олон улсын хандивын ёслол болж байгаа юм.

Бид дэлхийд нэг туг дор үйл ажиллагаа явуулдаг байгууллага учир тун удахгүй дэлхийн хэмжээний хөтөлбөрүүд Монгол Улсад хэрэгжинэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголд хандивын ёслол болж байна.

Миний хувьд Дэлхийн Эмэгтэй гайд, Эмэгтэй Скаутын холбооны Монгол дахь Удирдах зөвлөлийн гишүүн. Миний багш нар надад санал тавьснаар би энэхүү холбоонд хувийн бизнесийнхээ хажуугаар ажиллаж байна. Энэхүү ёслолын үйл ажиллагааг хоёр давуу талтай гэж үзэж байгаа. Нэгд, ТББ-ын шугмаар нэг дор 200-аад жуулчид ирж, Монголын томоохон зочид буудалд байрлаж, эдийн засагт хувь нэмэр оруулж байна. Андууд маань манай улсын хөгжлийн сайн сайхны төлөө хандив үлдээж, буцаж байгаа юм. Энэхүү хандивын мөнгөөр охид, эмэгтэйчүүд болон их, дэд сургуулиудын оюутнууд гэх зэрэг нас насны онцлогт нь зориулж, үйл ажиллагаа явуулна” гэж хэлсэн юм.

Сурвалжилсан Б.Баярмаа


2018-09-12 12:52:02