Олон улсын дунд зохиогддог “PRINCE of PRINCES INTERNATIONAL-2018” тэмцээнд Монгол охид шагналын эзэд болжээ

Тайланд Улсын  Phuket хотод “PRINCE of PRINCES INTERNATIONAL-2018”нь тэмцээн долоодугаар сарын 25-31-ны өдрүүдэд болж өнгөрлээ.

Тайланд төвтэй Азийн орнуудад 18 дахь удаагаа зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний том тэмцээн энэ юм. Дэлхийн хэмжээний тэмцээнд 26 орны 105 хүүхдүүд 6-16 насны ангилалд өрсөлдсөн.

Энэ тэмцээнд Монгол Улсын хүүхдүүд анх удаа оролцож, Үндэсний захирлаар “Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ажиллажээ. Түүнийн удирдлаган дор монгол зургаан охин нас насны ангиллын тэмцээнд оролцож, тэмцээний шалгаруулалт бүрт амжилт гаргаж, шагналын эзэд болцгоосон байна.

Орон орны охидууд хоорондоо танилцах арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр орон орны захирлуудад тэмцээний эмблем, тэмцээнд оролцогч хүн бүрт батламж, уг тэмцээнд орох эрхийн тууз гардуулан өгсөн юм. Монгол Улсаа төлөөлөн бага насны ангиллын тэмцээнд С.Содонгоо, Б.Номин-Эрдэнэ, н.Номин-Жин нар, дунд насны ангилалд Х.Сувдан-Сондор, н.Батгэрэл, өсвөр насны ангилалд Г.Пүрэвжаргал нар оролцсон юм.

Тэмцээнд оролцогч хүүхдүүд төрийн далбаагаа барин эцэг эхтэйгээ хамт Пукет хоттой танилцах аялал хийжээ. Хүүхдүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиход, тус хотын дарга тэднийг хүлээн авч уулзаад, тэмцээнд амжилт хүргэсэн нь хүндэтгэл үзүүлж, урам зориг өгсөн үйл явдал болсон байна.

Энэ хугацаанд оролцогч хүүхдүүдийг эцэг эхийн хамт аль болох тав тухтай байлгах, амтат хоол ундаар дайлж, хэрэгцээтэй зүйлсээр хангаж, алхам бүрт унаа машинаар үйлчилж байсан нь тун талархууштай үйл ажиллагаа болсон. Дэлхийн хэмжээний энэхүү тэмцээн нь маш нарийн, зохион байгуулалттай болдог нь энэ бүх хандлага, үйлчилгээ илтгэж буй хэрэг юм гэж оролцогч талууд тэмдэглэв.

Тэмцээний гурав дахь өдрийн анхны тэмцээн нь Коконал арлын гоо үзэсгэлэнг шалгаруулсан байна. Уг тэмцээнд Монгол Улсын оролцогч 14 настай охин Х.Сувдан-Сондор Далайн эргийн Бикини-ээс “Бэст модель”, диплом, тууз, шилдэг моделиор хоёр удаа шагнагдсан. Харин Эстони гаралтай 16 настай оролцогч охин Гран-При шагналын титмийн эзэн болсон байна. Байгалийн үзэмжит гайхамшиг бүрдсэн арал дээр орон орны хүүхдүүд танилцан илүү ойр дотно нөхөрлөж, бүжиглэж, зураг зурж ийнхүү хөгжилдсөн юм.

Шүүгчид англи хэлээр оролцогчдоос хүндхэн асуулт асуусан ч монгол охидууд англи эх хэлээрээ ярьж байгаа юм шиг шүүгчтэй хүүрнэн ярьж байсныг энэ дашрамд тодотгон хэлэв. Мөн энэ үеэр монгол охидууд үндэсний бүжиг бүжиглэх, морин хуур тоглох, уран зураг зурах зэргээр авъяас үзүүлбэрээ үзүүлсэн байна. Зурах онцгой авъяастай, 14 настай н.Батгэрэл охин Fashion моделиор шалгарч, тууз, дипломын эзэн боллоо.

Ийнхүү Монгол Улсын зургаан оролцогч охин уг тэмцээнд шагналын эзэн болж, монгол хүүхдүүд дэлхийн зиндаанд манлайлж байгааг тод харуулж байгаа юм гэж онцлон үзсэн байна. Бүх оролцогчдоос Финалийн тэмцээнд шилдэг 26-г шалгаруулж, тайзнаа үлдээж, тэднээс шилдгийн шилдэг Гран-При шагналт байрын эздийг тодруулсан байна. Энэхүү 26 оролцогчдоос Монгол Улсын оролцогч охин 10 настай С.Содонгоо Топ 5-д шалгарчээ. Тэрээр титэм, цом, дипломын эзэн болж, Litll Miss prentsts-2018 туузаар шагнагдсан юм.

Харин 16 настай Г.Пүрэвжаргал Best awards Winner continental Miss Teen-Eвро-Ази моделиор шалгарч титэм, дипломын эзэн, 10 настай Номин-Жин “Smart Girl” тууз, дипломын эзэн, 10 настай Б.Номин-Эрдэнэ “Авъяас” медалийн эзэн болцгоосон байна.

Азийн орнуудын энэхүү тэмцээнийг сурвалжилсан Трейд ТВ-ийн мэдээллийн дэлгэрэнгүйг https://www.youtube.com/watch?v=LqTCdjlTKng&feature=share&app=desktop-эндээс үзнэ үү?

Б.Баярмаа

 


2018-09-29 13:11:05