С.ЧИНЗОРИГ: "КАПИТАЛ" БАНКИНД БАЙРШУУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 101 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МОНГОЛБАНК БАРАГДУУЛНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.04.09/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ "2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Капитал" банкинд байршуулж байсан байдаг. 2009 оноос эхлэн байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн. 

Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Энэ хөрөнгөнд эрсдэлд орохгүй. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Ямар эх үүсвэрээр барагдуулах нь Монголбанкны асуудал. 

Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Би Монголбанкны удирдлагуудтай ярилцсан. Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна. Хоёрдугаарт, Нийгийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. 

Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад нэлээд хөрөнгө төвлөрүүлсний дийлэнх нь Капитал банкинд байршсан байсан. Би сайдаар томилогдсоноос хойш томоохон ХААН, Төрийн банкинд сангийн хөрөнгийг байршуулсан учир бусад сангийн хөрөнгөд эрсдэл гарахгүй гэж бодож байна" гэж онцоллоо.   

АРДЧИЛАЛ.МН


2019-04-09 14:54:31