“КАПИТАЛ” БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ НЬ Г.АЛТАН НАР БАЙЖЭЭ

Өнгөрсөн Даваа гарагт Төв банкнаас мэдэгдэл хийж арилжааны 14 банкны нэг болох “Капитал” банкийг санхүүгийн доголдолд орсныг зарлаж, албан ёсоор татан буулгаснаа мэдэгдсэн. Одоогоор тус банканд Төв банкнаас эрх хүлээн авах томилогдон ажиллаж байгаа юм.

Улмаар Төв банкнаас “20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Тиймээс “Капитал” банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  “Хаан” банкаар дамжуулан олгоно.”

Мөн “даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр тус банканд 20 саяас дээш хадгаламжтай 800 гаруй хадгаламж эзэмшигч байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тэдэн дундаас тус банканд хамгийн өндөр буюу хамгийн том хадгаламж эзэмшигч нь “Алтжин Бөмбөгөр”-ийн эзэн Г.Алтан нар аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Г.Алтан гэдэг хүн энэ банкны  бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын  хадгаламжтай. Харин энэ мөнгөө хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна” хэмээжээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тус банканд Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг, АШУҮИС-ын дөрвөн тэрбум төгрөг, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байршиж байсан. Нийтдээ 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм.

Ерөнхийдөө тухайн банкны төлбөрийн чадвар 2015 оноос эхлэн муудаж байсан учраас мөнгө гаргах боломжгүй байсан. Тиймээс хуулийн дагуу банк асуудалд орсон бол зөв арга хэмжээг авах нь зүйтэй гэж бодож байна. Арга хэмжээ авахгүй бол нийгэмд үзүүлэх сөрөг үр нөлөө нь нэмэгддэг. Капитал банканд 216.5 мянган иргэний хадгаламж байсан. Үүнээс хойш 20 сая төгрөгөөс доош хэмжээний хадгаламжтай иргэд Хадгаламжийн даатгалын корпорацаас мөнгөө авна. Харин 800 гаруй иргэн 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай байсан” гэж мэдэгдсэн. Гэвч тус мөнгө хэзээ, хэрхэн төлөгдөх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Капитал” банкны хамгийн том хадгаламж эзэмшигч Г.Алтан нар нь “Капитал” банкийг дампуурна гэдгийг урьдчилан мэдээд тус банканд хадгалуулж байсан их хэмжээний мөнгөө “Бөмбөгөр” худалдааны төвийнхөө түрээслэгч нарынхаа нэр тус бүр дээр 20 саяас дотогш байршуулж амжсан” гэх мэдээлэл байна.

Хэрэв энэ бүхэн бодитой бол тус банканд 20 саяас дээш хадгаламж эзэмшигчдээс зөвхөн Г.Алтан нар л мөнгөө асуудалгүй авч салах нь ээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 


2019-04-10 12:39:21