Ч.БАТЦЭЦЭГ: МОНГОЛ УЛСЫГ ГОО САЙХНЫ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж органик хэрэглээг эрхэмлэх болсон. Органик бүтээгдэхүүн гэвэл ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн хэмээх нийтлэг ойлголт бий. Тэгвэл хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болох саванг Монголдоо химийн бодисгүй боловсруулалт хийж, хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна. Ийнхүү хоёрхон жилийн хугацаанд олон хэрэглэгчдийн талархлыг хүлээж чадсан “Органик саван” үйлдвэрлэгч “Гилгэрэм” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батцэцэгийг “Содон зочин” ярилцлагын буландаа урилаа.

-“Гилгэрэм” гэх содон нэр байна. Нэрний талаар яриагаа эхлүүлье?

-Гилгэрэм гэдэг нь өнгө зүс жавхлантай сайхан гэх утгатай эртний Монгол нэр. Орчин үед тийм ч өргөн хэрэглэгддэггүй үг бөгөөд толигор сайхан арьстай эмэгтэйг Гилгэрэм сайхан эмэгтэй гэж магтдаг байсан. Хүний нас, өнгө зүсийг тодорхойлдог хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс юм. Манайх арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргадаг учраас энэ нэрийг сонгосон.

-“Гилгэрэм” брэнд өнөөдөр хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?

Орц найрлагаараа дөрвөн төрлийн саван, нэг төрлийн тос гаргасан. Сав баглаа боодлоороо авч үзвэл арав гаруй бүтээгдэхүүн байна. Тэмээний чөмөг-нүүрстэй, тэмээний чөмөг-докудамитай,  хонины сүүл-овъстой, чацаргана-гамамелистай гэсэн 4 төрлийн саван, мөн тэмээний чөмөгний тос үйлдвэрлэдэг.

-Тэмээний чөмгөөр саван үйлдвэрлэх санааг хэрхэн гаргаж байсан бэ?

-Намайг анх жирэмсэн болоход ээж маань хонины сүүлний тос гэдсэндээ түрхэхийг зөвлөсөн тул эгчээсээ хонины сүүл шаргааж тос хийж өгөхийг хүссэн. Эгчийн маань авч ирсэн тос миний мэдэх хонины сүүлтэй харьцуулахад аятайхан үнэртэй, сайн шингэцтэй санагдсан. Тэр тосны ачаар би нэг ч ялзралтгүй төрсөн. Төрснийхөө дараа хүүхдийнхээ биеийг сүүлний тосоор тослох гээд эгчээсээ дахиж хийж өгөхийг хүссэнээр тэр тос хонины сүүлний тос биш тэмээний чөмөгний тос байсныг олж мэдсэн. Мөн тэмээний чөмөг нүүрэндээ түрхээд шилжилтийн насны батгашилт нь арилж байсан нэг найзыгаа санасан. Тэмээний чөмөгний ач тусыг сонирхон судалж, анагаах ухааны хэд хэдэн докторуудын хийсэн судалгааны тайлантай танилцсан. Тухайн үед органик бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байсан учраас эхний ээлжид өөртөө болон ойр дотны хүмүүстээ зориулж тос, савангаа хийж, улмаар маш хурдацтайгаар бизнес болсон.

-Савангийн үйлдвэрлэл нь хоёрдахь бизнесийн санаа гэж байсан. Энэ бизнес дээрээ илүү төлөвлөгөөтэй ажилласан байх?

Төлөвлөгөөтэй гэхээсээ илүү хашир хандсан. Эхний бизнес маань  стиль имижийн зөвлөх үйлчилгээний компани болох "Стилетто" гээд студи байлаа. 2012 онд үйл ажиллагаа явуулж эхэлж байхдаа хүмүүсийн арьс, үс, нүдний өнгө, галбирын онцлогийг тодорхойлж, тухайн хүнд тохирсон нүүр будалт, үс засалт болон хувцаслалтын цогц зөвлөгөө өгдөг байсан. Анхны бизнесээ эхлүүлээд явж байхдаа косметик, нүүр будалтын органик бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх юмсан гэж боддог байлаа. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүслийг энэ үеэс тээсэн гэж хэлж болно. Анхны бизнес санаа маань үйлчилгээ байсан бол дараагийнх нь үйлдвэрлэл байв. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж дээр үндэслэж, бизнесээ өөрийнх нь органик хурдаар хөгжүүлэхийг илүүд үзсэн нь миний хувьд хашир шийдвэр байсан. /инээв/

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Ерөнхий нэрнээсээ харахад гол түүхий эд нь тэмээний чөмөг, хонины сүүл, чацарганыг тос гэж байгаа боловч нэг саванд 10 орчим төрлийн түүхий эд ордог. Дөрвөн төрлийн савангийн 30 гаруй нэр төрлийн түүхий эдээс тэмээний чөмөг, чацарганыг тос, хонины сүүлээ малчид, махны үйлдвэрүүдээс авдаг. Мөн манай савангийн чанар, үзүүлэлтэд чухал ач холбогдолтой бусад түүхий эдүүдийг гаднаас оруулж ирдэг.

-Бүтээгдэхүүнээ өөрийн гал тогооноосоо эхэлж үйлдвэрлэж байсан гэсэн. Үүнээс хүний биед сөрөг нөлөөгүй органик бүтээгдэхүүн мөн гэдэг нь батлагдаж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?

- Органик гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд ихэвчлэн хүнсэнд хэрэглэж болдог бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээлбэл уруулын вальзамд ямар ч химийн бодис ордоггүй. Энэ вальзамыг хатуу болгож байгаа нь зөгийн лав. Тэгэхээр энэ бүгд хүнс учраас яг л хоол хийж байгаатай адилхан. Хүн гал тогооныхоо өрөөндөө хийж болохоор байна гэдэг нь аюулгүйн баталгаа. Савангийн найрлагад ордог  натрийн шүлтээс бусад ихэнх түүхий эд нь хүнсэнд хэрэглэгдэж болохуйц бүтээгдэхүүнүүд байдаг. Өөрөөр хэлбэл саван тэр чигээрээ тосноос бүрддэг. Саван хийх санаагаа гаргаад эхний ганц хоёр туршилтаа гэртээ явуулсан.

Сүүлийн үед органик саван үйлдвэрлэдэг Монгол брэндүүд нэлээдгүй их гарсан. Гилгэрэм брэндийн онцлог, давуу тал юу вэ?

-Манай хэрэглэгчид яагаад манай бүтээгдэгдэхүүнийг сонгож хэрэглэдэг вэ? гэдгээс эхлүүлье гэж бодож байна. Нэгдүгээрт манай саван маш гоё үнэртэй. Үүнд хамгийн өндөр өртгийг шингээсэн. Цэвэр органик 100 хувийн найрлагатай үнэрт анхилуун ургамлаас гаргаж авсан эфирийн тос ашигладаг. Хоёрдугаарт манай саван хөөсрөлт сайтай, уусалт багатай. Гуравдугаарт манайхтай ижил бүтээгдэхүүн гаргадаг дотоод гадаадын брэндүүдтэй харьцуулахад 1.5-4 дахин хямд үнэтэй байдаг. Бид маш үнэтэй бүтээгдэхүүнийг найрлагадаа хэрэглэдэг хэдий ч хямдхан борлуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд бага ашиг хардаг гэж ойлгож болно. Анх би бизнесийн загвараа гаргаж байхдаа “шилдэг чанарыг шударга үнээр” гэсэн зорилтыг тавьсан. Манай бизнес бол чанарт суурилсан бизнес. Хэрэглэгчид ихэвчлэн надтай адилхан гэрийн эзэгтэй, ээжүүд байдаг. Зан ааш нь хүртэл надтай адилхан гээд хэлчхэж болохоор. Би аль болох хэрэглэгчидтэйгээ ойр байж хэрэгцээг нь оновчтой тодорхойлж, шийдэл болоод нөхөрлөл шингэсэн өндөр чанартай бүтээгдэхүүнийг санал болгохыг зорьдог.

-Цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлээд савангаас өөр органик гоо сайхны бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө байгаа юу?

-Одоогоор зөвхөн савангаа чанартай хийхэд л анхаарч байна. Савангаа анх гэр бүлдээ байгаа арьсны асуудлуудыг шийдэхэд зориулж гаргасан. Учир нь охин маань диатизтай төрж, би ч өөрөө багадаа псориаз буюу хайрст үлдээр өвдөж байсан. Манай хэрэглэгчдийн дийлэнх хувь нь надтай адилхан арьсны асуудалтай хүмүүс байдаг. Таашаал авах бүтээгдэхүүн гэхээсээ илүү асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Сайхан үнэртэй бүтээгдэхүүн гаргаж байгаа нь манай бизнесийн онцлог хэдий ч түүнээс авах таашаал нь арьсны асуудал шийдвэрлэх зорилгын маань дараа ордог. Хэрвээ нэмж бүтээгдэхүүн гаргахаар бол арьсны асуудал, тэр дундаа харшлын асуудлыг шийдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргах болно.

-Бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш хэр хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг вэ?

-Манай тэмээний чөмөгтэй савангаар хоёр удаа угаахад нүүрэн дээр гарсан идээт батганы үрэвсэл мэдэгдэхүйц дарагдаж байна гэдэг. Энэ бол хамгийн хурдан хугацаанд үр дүн нь харагдах тохиолдол. Хамгийн удаан хэрэглэсэн нь гэвэл би өөрөө савангаа хоёр жил гаран хэрэглэж байна. Миний нүүр байнга холцруутаж, хөндүүртэй зүйл гардаг байсан зовлонгоо мартаад удаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн нүүрэн дээр нь гарсан батга долоо хоногийн хугацаанд манай савангаар угаагаад багассан, хоёр сарын хугацаанд нүүрэн дээрх сорви, сэвх нь бүдгэрч, мэдэгдэхүйц арьс цайж байна гэсэн сэтгэгдлүүд байнга ирдэг.

-Хэрэглэх зориулалтынх нь талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

- Манай саванг бүх насныхан хэрэглэх боломжтой. Саван гэдэг бол арьсыг цэвэрлэх үүрэгтэй. Цэвэрлэхдээ нүүр цэвэрлэх, гар угаах гээд ялгадаг шалтгаан нь арьсны онцлогоос л шалтгаалж байгаа юм. Нүүрний арьс биеийн арьснаас арай нимгэн, эмзэг учраас арай чанартай, PH багатай, илүү зөөлөн үйлчилгээтэйг хэрэглэх ёстой болчхоод байгаа юм. Савангийн тос нь хэр чанартай түүхий эдээр хийснээсээ хамаараад зориулалт өөр өөр байдаг. Манай бүтээгдэхүүнүүдийг арьсны асуудлаас хамаараад сонгож, хэрэглэж  болно.

-Одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Оны өмнө Европын Холбооны EU TRAM төслийн санаачлагчаар Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн кластер байгуулагдсан. Үүнд гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг том жижиг 10 гаруй компаниуд, төрийн байгууллагууд болон судалгааны хүрээлэнгүүд нэгдсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн кластерийн талаар дуулаагүй компани байгаа бол нэгдээсэй гэж хүсч байна. Энэ класстерийн гол зорилго нь Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экпорт, хууль эрх зүйн орчны асуудлуудыг шийдвэрлэхэд туслах юм. Бид Монгол улсыг косметик, гоо сайхны тухай хуультай болгохыг зорьж ажиллах болно.

Хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах хортой химийн нэгдлүүд бага багаар биед хуримтлагдаж 10-15 жилийн дараа хавдар үүсгэхэд хангалттай хэмжээнд очдог гэдэг. Монгол улсад гоо сайхны бүтээгдэхүүний тухай хууль ч байхгүй. Хуульгүй учир хэн дуртай нь юу дуртайгаа хийж эсвэл оруулж ирж зарж болоод байна. Иймд бид хууль эрх зүйн орчныг бий болгохын зэрэгцээ импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд тавигдах хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Манай класстер Худалдаа Аж Үйлдвэрийн танхим дээр байрлаж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд жижиг том гэж ялгалгүйгээр манайд нэгдээрэй.

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа

Б.Бадралмаа 

АРДЧИЛАЛ.МН

 

 


2019-04-10 13:55:51