АМЬДРАЛЫНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ МОНГОЛ БҮСГҮЙН ҮНЭН ТҮҮХ

Энэ бол хэдийгээр бүтэн 1 жилийн өмнө болсон явдал ч гэлээ Монгол бүсгүйн уужуу тайван ухаанаар гэр бүлдээ чин сэтгэлээсээ ханддаг нэгэн бүсгүйн амьдралын өмнө хүний нутгийн шүүх хүртэл гар өргөн хүлээн зөвшөөрсөн богино түүх.

   “А” бүсгүй 2001 онд Солонгос залуутай танилцан хуримаа хийснээр тэдний амьдрал сайхан эхэлжээ. Тэрээр Солонгосын иргэнтэй хуримласнаар тус улсад оршин суух эрхийг авсан бөгөөд амьдралынхаа төлөө тууштай зогсож хадмуудыгаа өөрсөд дээрээ аван өргөн тэтгэж иржээ.

   Эхний 5 жил харвасан сум шиг өнгөрч энэ хугацаанд хүний амьдралд тохиолддог таагүй зүйлийн нэг болох үр хүүхэдтэй болох мөрөөдөл нь биелэлгүй удаа дараа зулбасан нь хэн хэндээ хүндээр тусч нөхөр нь архинд орж янз бүрийн ааш гарган хөөж туух болсон байна.

   Ийнхүү 2006 оны сүүлчээр тусдаа амьдрах болсон бүсгүй нөхрийн бие мууг мэдэн өөрийн хийж чадах бүхий л ажлыг гололгүй хийн сар бүр нөхөр болон хадмууддаа мөнгөн тусламж үзүүлж байсны дээр түүний биеийг гудамжны утсаар асуун санаа тавьж байсан байна. Учир нь өөрийн гар утасны дугаарыг нөхөр нь мэдвэл яаж дарамтлах, хэрхэхийг бүсгүй мэдэх тул гудамжны утас ашиглаж байсан юм.

 

   Хэсэг хугацаанд холбоо тасарсан бүсгүй түүний нөхөр өвчний улмаас нас барсныг 2017.05 сард мэдсэн ба тэр жилийн 11 сард Сөүл хотын цагаачлалын албанаас “Нөхрийнхөө нас барсан шалтгааныг мэдээгүй болон ажил явдалд оролцоогүй зэргийг үндэслэн БНСУ-ын иргэншлээс сайн дураараа татгалзах ёстой” хэмээн тулган шаарджээ.

   Харин “А” бүсгүй прокурорын газарт өргөдөл гарган “Хэдий тусдаа амьдарч байсан ч гэлээ нөхрийгөө нас барах хүртэл гэр бүлийн харилцаатай байсан ба өвчин эмгэгт нь зориулж чадах чинээгээрээ мөнгөн туслалцаа үзүүлж байсан” гээд “Хэрэв буруутай гэж үзэж байгаа бол тэр бүх буруу нөхөрт минь байсан” хэмээн зарга үүсгэсэн байна.

   Шүүхээс түүний заргын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд “Нөхрийгөө нас барах хүртэл жинхэнэ эхнэрийн болон гэр бүлийн харилцааг эрхэмлэж ирсэн нь тогтоогдлоо” гээд “БНСУ-д оршин суух эрх нь үүнээс хойш хүчин төгөлдөр хэвээр байх болно” хэмээн шийдвэрлэжээ.

   Мөн шүүхээс “Тусдаа амьдрах болсон шалтгааны үндэс нь нөхөрт нь байсан гэж үзсэн ба тэрээр/нөхөр/ гэрлэлтийн хугацаанд гэр бүлийн оршин тогтнох ёс зүйг мэдэхгүй хүн байсан” хэмээн тайлбарласан байна.

WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан 


2019-05-11 14:44:50