ФЭЙСБҮҮК КОМПАНИ ХУАВЭЙД ХОРИГ ТАВИЛАА

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Фэйсбүүк компани Вашингтоны засаг захиргааны бодлогод нийцүүлж, Хятадын Хуавэй компанид хориг тавьж байгаагаа өчигдөр зарлажээ.

Хоригийн дагуу Хуавэй компанийн шинэ гар утаснууд Facebook аппликэйшнгүй үйлдвэрээс гарах юм. Гар утас үйлдвэрлэгчид Фэйсбүүктэй тохиролцсоноор аппликэйшныг нь үйлдвэрээс худалдаанд гарахад урьдчилан суулгасан байдаг.

Өөрөөр хэлбэл шинэ гар утас авсан хүмүүс Фэйсбүүкийн аппликэйшныг нэмж суулгах шаардлагагүй, үйлдвэрээсээ суучихсан ирдэг.

Тэгвэл Хуавэйн шинээр гарах утаснууд Facebook аппликэйшнгүй гарахаар болж байна. Мөн Фэйсбүүк компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээний аппликэйшнүүд ч хоригт багтжээ.

Шинэ гар утас авсан хэрэглэгчид аппликэйшныг өөрөө нэмж суулгах боломжтой. Гэхдээ удахгүй наймдугаар сараас Google компанийн хориг үйлчилж эхлэхэд Хуавэйн гар утаснууд Play Store дэлгүүрээс таслагдах тул нэмж суулгах ч боломжгүй болох юм.

Гүүгл, Фэйсбүүк компаниудын хориг Хуавэйн гар утасны бизнест том цохилт болж байна. Өнгөрсөн онд гар утасны бизнес нь Хуавэй компанийн орлогын хамгийн том эх үүсвэр болж байсан юм.

Хуавэйн гар утаснуудыг Гүүглийн Андроид системээс таслах хугацааг АНУ-ын засгийн газар наймдугаар сарын 19 болгосон байгаа. Тавдугаар сараас хоригийг шууд хэрэгжүүлбэл Хуавэйн гар утсыг хэрэглэж байгаа хүмүүсийн эрх ашиг хохирох байсан тул зохицуулалт хийх боломж олгох 90 хоногийн хугацаа өгсөн нь энэ юм.

Хуавэй компани өөрийн хөгжүүлсэн үйлдлийн системд шилжих нөөц төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч энэ нь ирэх оны эхний хагасаас өмнө хэрэгжих боломжгүй байна.

Эх сурвалж: Ikon.mn

 


2019-06-08 12:38:22