ВЛАДИМИР ПУТИН ШИ ЖИНПИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР ОРОС ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЖЭЭ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр 66 нас хүрсэн Хятадын дарга Ши Жинпинд баяр хүргэн бүтэн хайрцаг орос зайрмаг бэлэглэжээ. Тэрээр Тажикистаны нийслэл Душанбед Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Ши Жинпиний байрласан буудалд хүрэлцэн ирж бэлгээ биечлэн гардуулсан аж.

Владимир Путин хоёр орны харилцааны хөгжил дэвшилд Ши Жинпиний гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэн Хятадын даргын Орост хийгээд удаагүй төрийн айлчлал амжилттай өндөрлөснийг онцолжээ.

Ши Жинпин Владимир Путинд талархал илэрхийлээд түүнийг Хятадад их алдаршсан хүн гэсэн байна.

Хэдэн жилийн өмнө Владивостокт болсон Дорнын эдийн засгийн саммитын үеэр Владимир Путинтэй уулзсан Хятадын бизнесменүүд эх оронд нь орос зайрмагт маш дуртайг дуулгаж байжээ. Үүний дараа Оросын Ерөнхийлөгч Хятадад айлчлахдаа Ши Жинпинд бэлэг болгон орос зайрмаг авчирч байсан гэнэ.


2019-06-16 17:05:11