H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хүүгээ Австрид элчингээр томилохгүй бол засгаас гарна, сайдын суудлаа өгнө гэж “туньжээ”. "Эрдэнэт" үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийсэн гэх дуулианд хүүгийнх нь нэр холбогдоход Н.Нямдорж сайд үрийнхээ өмнөөс утсаар ярих төдий зүй байлгүй яадаг юм гэсэн агуулгатай үг унагаж суусан. Тухайд үед нээрээ л тийм дээ, харин ч ил хэлчихлээ гэж зөвтгөж харсан хүн цөөнгүй байсан санагддаг.
Гэтэл энэ удаа эрхэм сайд хүүгээ өндөр хөгжилтэй оронд элчингээр томилохын тулд төрийн сайдынхаа суудлаар шантааж хийжээ. Өмнөх байр суурийг нь ойлгож хүлээж авсан хүмүүсийн хувьд энэ мэдээнд яавч таатай хандахгүй. Хүүгээ өндөр албанд томилохын тулд Засгийн газар тогтвортой байх эсэх асуудлаар наадаж, шахаж суух эрх Ц.Нямдорж байтугайд нь байх ёсгүй. Энэ жишээ бол Ц.Нямдоржийг жинхэнэ төрийн хар гэдэгг хангалттай эргэлзэхээр кейс. Н.Анхбаярыг элчингээр яригдаж эхлэх үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тэр хүн манай яамны Тамгын газрын дарга. Одоо Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа хүн. Сан-Францискод ч консул байсан. Элчингээр явах цаг нь бол болсон хүн. Гэхдээ одоогоор ямар ч хүний тухай асуудал яригдаагүй” гэж байв. 
Гадаад харилцааны сайдын хэлдэг үнэн л дээ. Н.Анхбаяр Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай. Ядаж л дажгүй өндөр амьжиргаа ахуйтай, эцэг нь хууль ном ярьдаг учраас хар тамхины тээвэрлэгч болохгүй. 
 
Чадалтай бол хэний ч хүүхэд ямар ч алба хашиж болох ардчилсан нийгэмд амьдардаг монголчуудын хувьд Н.Анхбаярыг Австрид элчингээр томилогдоход тэгтлээ нүдээ орой дээрээ гаргаад байх юм алга. Ганц л гайхашрал байна. Хүүгээ элчингээр томилуулахын тулд төрийн сайдын суудлаар шантаажилж, Засгийн газраа барьцаа болгоно гэдэг ой тойнд багтамгүй улайрал.
 
Ц.Нямдорж сайдын “алдартай” мэдэгдлүүд ганц хоёроор тогтохгүй л дээ. Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй гэж улайх ч үгүй хэлж чаддаг цор ганц “лидер” улстөрч. Энэ мэт ард түмнийг басамжилсан, илт худлаа, доромж мэдэгдлүүд Ц.Нямдоржийн амнаас олонтоо унасан. Гэхдээ энэ удаагийнх нь улайрал арай л хэтэрчихлээ. Хүүг нь элчин болгохгүй бол засаг унах нь л дээ, сайдын шантаажаар бол. УИХ энэ долоо хоногт Ц.Нямдоржийн хүүг элчингээр томилогдох эсэхийг шийднэ. Засгаа унагахгүйн тулд сайдын хүүг Австри руу явуулж л таарах байх даа, одоо.
 
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
 
Н.ДОРЖ

2019-06-17 11:06:44