ОДООГИЙН ЗАСАГ НЭГ ДУУЛИАНЫГ НӨГӨӨГӨӨР НЬ ДАРДАГ ИМИЖТЭЙ БОЛЧИХЖЭЭ

"Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаатай ярилцлаа. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөл болон  “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ,  Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс мэргэжлийн бус хүнийг сайдаар томилсон нь Монголын эрүүл мэндийн салбарын бодлогыг зөв тодорхойлж чадахгүй байна хэмээн үзэж шаардлага хүргүүлж байсан юм.

Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд ТББ-аас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах жагсаалд оролцсон. Өнөөдрийн байдлаар хэдэн удаагийн жагсаал цуглааныг зохион байгуулаад байна вэ?

-Манай байгууллага энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд ЭМ-ийн сайдад шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурлыг зохион байгуулж, тухайн өдрөө ЭМЯ дээр очиж, шаардлагаа хүргүүлсэн. Үүнээс хойш АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Ж.Амарсанаатай хамтарч, ЭМ-ийн сайдыг огцруулах жагсаалыг зохион байгуулсан. Бид бүтэн сарын хугацаанд яамны гадна жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалд ахмадууд их ирж оролцож байгаа. Мөн эмнэлгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд дэмжиж байгаа илэрхийлсэн. Тэд тартагтаа тултал зогсож байна. Гэтэл салбарын сайд Д.Сарангэрэл гэдэг хүн өнөөдрийн хүртэл бидэнтэй гарч ирж уулзсангүй. ЭМЯ-аар очоод сайдтай уулзах гэхээр байхгүй гэх тайлбарыг өгдөг.

-Д.Сарангэрэл сайдад та бүхний зүгээс ямар асуудлаар шаардлага хүргүүлж, жагсаж байгаа вэ?

-Нийслэлийн 32, 15, 97-р сургууль болон хөдөөгийн зарим сургуулиуд дээр сүрьеэ өвчний халдвар гарсан. Сүрьеэ өвчний халдвар гарсан талаарх зөвлөмж 2018 оны дөрвөн сард Д.Сарангэрэлд очсон хэдий ч сайд энэ зөвлөмжийг нуун дарагдуулсан байна. Энэ талаарх мэдээлэл Улс.мн гээд сайт дээр гарсан байна билээ. Сүрьеэ судлалын мэргэжлийн арга зүйн зөвлөмжийг  ерөнхий мэргэжилтэн Г.Цогт гэдэг хүн хүргүүлж байсныг нуун дарагдуулсан байсан. Бүтэн жилийн хугацаанд арга хэмжээ авахгүй байсаар халдварт өвчний тархалт тахлын хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Сүрьеэ өвчний халдвар тарсан гэх мэдээлэл цацагдаад удаагүй сургуулиуд амарчихлаа. Нөгөө халдвар нь гурван сарын хугацаанд явагдахаар болчихлоо. Би өөрөө хүнсний эрүүл ахуй ч хүний хувьд энэ асуудлыг орхиж болохгүй гэж бодож байна. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн бол ужиг өвчин тогтооно.

аардлагынхаа хариуг авсан уу?

-Шаардлагын хариуг бидэнд хүргүүлж байсан. Бидэнд ирсэн хариу мэдээлэлдээ бид маш сайн ажиллаж байгаа гэсэн зүйлсийг л яриад байгаа. Гэхдээ бид энэ хариуг хангалтгүй гэж үзээд, уулзах хүсэлт тавьсан. Д.Сарангэрэл сайдтай уулзах хүсэлтээ бүтэн сарын хугацаанд тавьсан хэдий ч бидэнд олдсонгүй. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Ж.Амарсанаад мөн шаардлага хүргүүлсэн байсан. Харин хоёр шаардлагын хариуд нэг тайлбарыг хоёр хувилаад адилхан өгсөн.

-Тус тусдаа өөр агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн юм уу?

-Д.Амарсанаа дэд сайдын шаардлага нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулж өгсөн. Харин  манай “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ байгууллагын зүгээс ард түмэн эмнэлгийн байгууллагаас өндөр төлбөртэй үйлчилгээ авч байна гэсэн агуулга бүхий шаардлага байсан. Тухайлбал нэг хүн төлбөртэй ортой өрөөнд хэвтэн эмчлүүлэх юм бол нэг сая төгрөг хүртэлх үнэтэй үйлчилгээг авч байна. Төлбөртэй “MRI”-д харуулах юм бол 470-500 мянган төгрөг байна. Гэтэл цалингийн доод хэмжээ хэд байгаа билээ. Үүнийг хоёр дахин нугалсан үнэ төлбөртэй шинжилгээ, үйлчилгээ авч байгаа нь ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа бодлоготой шууд хамааралтай. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа төрөөс явуулж чадахгүй байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг маш их хэрэгцээгүй газар зарцуулсан мэдээллүүд бидэнд ирсэн. Төрийн бус байгууллагууд, хувьцаат компаниудад баахан мөнгө өгсөн байгаа юм. Сургалтын зардал гэсэн нэрийн дор маш олон хувь хүмүүс мөнгө өгсөн байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бодиттой сургалт явдаггүй. Мөн чанаргүй хувийн сургуулиас олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гарч байна.

-Чанаргүй боловсон хүчин гарч байгаа гэдэг нь боловсролын яамтай холбоотой биш үү? Үүнд ЭМЯ ямар хамааралтай гэж үзэж байгаа юм бэ?

-ЭМЯ-аас тусгай зөвшөөрөл зарсан гэх хэрэг үүсээд АТГ шалгагдаж байгаа. Үүнийг нь ЭМЯ-ны туслах зарсан гэдэг мэдэгдэл гарсан. Сайд нь өөрөө хянаагүй байхад туслах нь авилга аваад зөвшөөрөл гаргасан. Иймд чанаргүй сургуулиас мэргэжилтэн гарч байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн маш олон хувийн эмнэлгүүдэд тусгай зөвшөөрөл зарчхаад зүгээр үйл ажиллагааг явуулж байгаа эмнэлгийн үйл ажиллагааг шалгаад эхэлсэн. “Хаппи Веритас” гээд Монгол улсад анх удаа элэгний С вирусийг тоолдог болсон эмнэлгийг шалгаж эхэлсэн. Энэ эмнэлэг нь Ж.Амарсанаа зөвлөхийн эмнэлэг. Бас түүнийг ээжийг нь дарамтлах болсон. Түүнчлэн Д витаминтай холбоотой асуудлаар мөн Ж.Амарсанаа зөвлөхийг гүтгэсэн. Энэ бүх асуудалтай холбогдуулан бид Д.Сарангэрэл сайдыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй гаргахаар бэлдэж байна.

-Та бүхэн сүрьеэгийн тархалттай холбоотой жагсаал цуглааныг зохион байгуулсан. Харин саяхан тэмбүү өвчний тархалттай холбоотойгоор яамнаас аян зарлаж буйгаа мэдэгдлээ. Үүнийг та бүхэн юу гэж харж байна вэ?

-Одоогийн засаг нэг дуулианыг нөгөөгөөр нь дардаг имижтэй болчихжээ. Үүнийг бид боловсролын дутагдалтай гэж харж байгаа юм. Тэмбүү өвчнийг дэлхий даяар гамшгийн хэмжээнд хүрснийг зарлах ЭМ-ийн сайд хаана ч байхгүй. Гэтэл Д.Сарангэрэл сайд гавьяа байгуулчихсан юм шиг үүнийг гаргаж байгаа нь үнэхээр гутамшигтай. ЭМЯ-ныханы энэхүү “ичсэн хүн хүн ална” гэгч тэнэглэл, хариуцлагагүй мэдэгдлээс болж өнөөдөр маш олон жуулчид Монголд ирэхээ больчих жишээний сөрөг үр дагавар гараад эхэллээ. Дээр нь гадаад амьдарч байгаа Монголчуудыг шалгаад эхэлсэн байна. Гадагшаа явсан Монголчуудыгаа хорлочихлоо. Ер нь бол Д.Сарангэрэл сайд Монгол улсад гай тарьчихлаа. Тэмбүүг зарлах шаардлагагүй байсан юм. Үүнийг хоёр ч удаагийн Ерөнхийлөгч, Засгийн Газрын хаалттай хуралдаанаар ярьсан байсан. Гэтэл Д.Сарангэрэл нэгийг нөгөөгөөр нь дарж байна гээд ноцтой сөрөг мэдээлэл цацчихлаа. Иймд бид ЭМ-ийн сайдыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа. Хэрэв огцруулахгүй бол тэмцлийн дараагийн шатандаа орно.

-Дараагийн шат гэдэг нь ямар хэлбэр вэ?

-Бидэн дээр нэгэн иргэн ирж, эсэргүүцлээ илэрхийлээд үсээ хуссан. Харин бид энэ хоногоос суулт хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд бид Д.Сарангэрэлийг хайж эхлээд байна. Бидний хүргүүлсэн шаардлагыг түүний туслахууд хүлээн авдаг. Авахдаа бидэнтэй маш бүдүүлэг ёс зүйгүй хандаж байна. Шаардлагыг уншаад танилцуулж байхад “Хурдан унш наадахаа” гэх мэтчилэн ёс зүйгүй үйлдэл гаргасаар байгаа. Энэ хүмүүст бид хариуцлага тооцоосой гэж хүс ч байна. Иргэдийнхээ саналаар төрд очиж суучхаад яагаад иргэдтэйгээ уулзаж, асуудлаа шийдвэрлэж болохгүй байгаа юм. Бидэнтэй уулзахгүй, асуудлаа ярихгүй байгааг нь бид маш их хүнд сурталтай байна гэж харж байна.

Б.Бадралмаа

Ардчилал.мн


2019-06-17 12:19:51