ДАРАЙСАН ЭВЭРТЭЙ УГАЛЗУУДЫН ТОЛГОЙ 1300 КМ-ЭЭС АЧИЖ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

1300 км хол Увс аймгаас 20 гаруй малчин өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатарт иржээ. Тэд аргаль угалзын 10 толгой ачиж авчирсан нь анхаарал татаж байгаа юм. 150 гаруй өрхийн 500 гишүүнийг нэгтгэсэн “Гулзатын санаачилга” ТББ-ыг төлөөлөн эдгээр малчид ирсэн байна. Тус ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатараас асуудлыг тодруулан ярилцлаа.

  • Дарайсан эвэртэй угалзын толгой ийм олноороо байх нь яалт ч үгүй анхаарал татдаг юм байна. Та бүхэн ямар шалтгаанаар явна вэ?
  • Манай аймагт хууль хэрэгжихгүй байгаа учраас Улаанбаатарт байгаа сайд дарга нарт, нийт монголчуудад биетээр үзүүлэх гэж угалзын толгойнуудыг авчирлаа. Тодруулбал, биотехникийн арга хэмжээ авахгүй байгаагаас энэ өвөл урд жилүүдээс хэд дахин олон аргаль угалз үхлээ. Барагцаалбал, 50-60. Бид тэдний 10 толгойг нь авчирлаа.
  • Биотехникийн арга хэмжээ гэдгийг тайлбарлана уу? Энэ олон толгойг хууль бус антай холбон ойлгож байлаа.
  • Өвлийн хахир цагаар малчид, нөхөрлөлүүд аргаль угалзын замыг тосуулан өвч, хужир тавьсаар ирсэн. Үүний хүчинд сүүлийн 14 жилийн хугацаанд 260 байсан аргалийн тоог 2000 болгон өсгөсөн. Тийм ч учир 2015 онд бид “Мянган угалзын баяр” тэмдэглэж байлаа. Харин одоо тоо толгой нь маш хурдан хоргодох аюултай тулгараад байна.
  •  
  • Эхлээд нөхөрлөлийнхөө талаар мэдээлэл өгөх нь зүйтэй юм байна.
  • Манай “Гулзатын санаачилга” ТББ-т 12 нөхөрлөлийн 150 гаруй өрхийн 500 гаруй гишүүн бий. Бүгд малчид. Малчид нэгдэж, өвөлжөө хаваржаа, нутаг усаа зохицуулж, аргаль угалзаа хайрлан хууль бус ангаас хамгаалж, өвлийн идэш тэжээл хомсодсон цагт сүргийнхээ замд өвс, хужир тавьж ирсэн. Үүний хүчинд сүргийн тоо толгой 2000-д хүрч өссөн юм. БОАЖЯ-наас жилд 50-60 аргаль угалз агнах зөвшөөрөл олгодог. Өмнөх жилүүдэд 5-6 угалзын ан хийх зөвшөөрөл олгодог, тэр дагуу гадны анчид ирж ангаа хийдэг байсан. Харин энэ жил 10 болж өссөн байна. 2000 орчим аргалийн 300 нь л угалз. Тэгэхээр жилд 10 угалз агнана гэдэг маш их тоо. Үүнийг дагаад агнуурын менежментийг хариуцах байгууллагад асуудал тулгарч байна.
  • Ямар асуудал?
  • Манай ТББ 2016 онд БОАЖЯ-тай 10 жилийн гэрээ байгуулан, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэл ан агнуурын менежментийг хариуцах эрхийг салбар яамнаас олгосон. Гэтэл 2016 оноос Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы жолоочоор ажиллаж байсан н.Барсүрэн “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” гэж байгуулан энэ ажлыг авах гэж улайрч эхэлсэн. Тиймээс бид шүүхт хандаж, гурван шатны шүүхийн шийдвэр манай ТББ-ын талд гарсан. Дээд шүүхийн шийдвэр гарангуут Засаг дарга Д.Батсайхан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Тэгснээ хоёр хоногийн дараа захирамжаа дахин үгүйсгэж, “Гэрээг илт хууль бус болохыг тогтоох, захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, эсрэг ажиллаж байгаагийн илрэл болж байгаа юм.
  • Энэ захирамж нь бодит байдал дээр яаж хэрэгжих захирамж вэ?
  • Засаг дарга Д.Батсайхан 2019.03.25-нд “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо”-той “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцуулах тухай” гэдэг гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээг уг ньаймгийн Засаг дарга биш БОАЖЯ байгуулах ёстой.
  • Энд их мөнгөний асуудал байна уу? Нэг угалз агнах зөвшөөрөл ямар үнэтэй байдаг бол?
  • 19000 доллар. Энэ мөнгөний 50 хувь нь орон нутгийн төсөвт орж, 50  хувь нь байгальд зарцуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сүрэгт хужир, өвс тавих зэрэг ажилд зарцуулагдах ёстой. Гэтэл өнгөрсөн онд энэ мөнгийг бүрэн олгоогүйгээс өвс, хужраа тавьж чадаагүй. Тиймээс хорогдол их гарсан. Үхсэн аргаль угалзын ходоодыг задалж үзэхэд өвс, баас байхгүйг малын эмч нь тогтоосон.
  • Байгальд зарцуулагдах ёстой мөнгө хаашаа орсон гэсэн үг вэ?
  • Багийн төв барьсан. Хятад мотоциклууд авсан. Энэ мөнгөний тал хувийг Засаг даргын жолооч н.Барсүрэнгийн ТББ-д олгох гэрээг сумдын засаг дарга нартай хийсэн байна. Бид шүүхийн шийдвэрийг тухайн Засаг дарга нарт үзүүлж, мөнгөө нэхэмжлэхэд “Шүүхийн шийдвэрийг мэдэхгүй. Биднийг аймгийн Засаг дарга томилдог учир түүний захирамжийн дагуу ажиллана” гэдэг хариу хэлдэг. Энэ байдлаар өнгөрсөн хугацаанд “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо”-нд 35 сая төгрөг өгсөн байна.
  • Та бүхний эсэргүүцлийн гол шалтгаан нь агнах зөвшөөрлийг 10-аас бага байлгах, БОАЖЯ-тай байгуулсан менежмент хариуцуулах гэрээг заасан хугацаанд үргэлжлүүлэх юм байна, тийм үү? Мэдээж, амьтан байгалийн жамаараа өтөлж, эсвэл өвчилж үхнэ. Харин зөвшөөрлөөр агнахдаа хөгшнийг нь сонгож агнадаж чаддаг уу?
  • Гадныханы ангийн гол зорилго нь эвэртээ байдаг. Тэгэхээр угалз нас гүйцсэн, хөгшин байх тусмаа эвэр нь шаардлага хангана гэсэн үг. Мэдээж аргаль угалзыг агнаж, төсөвт мөнгө төвлөрүүлэх нь зүйтэй. Гэхдээ мөнгөний хэрэгсэл маягаар биш амьтны өсөж үржих нөхцлийг хангаад тодорхой хэмжээгээр ашиглах ёстой. Энэ л бидний зорилго.Үүний тулд мониторингийн судалгаа хийлгэдэг. Энэ зардал мөнгийг ч манай ТББ-аас төлж хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, сүргээс жилд хэдийг агнаж болохыг мэргэжлийн байгууллага тогтоодог. 2000 угалзаас жилд 8-10-ын хооронд агнах нь зохистой гэсэн судалгаа гарсан.
  • Ан агнуурын менежментийг хариуцуулах асуудлаар хамтарч ажиллах гэрээний хугацаа дуусаагүй, мөн гурван шатны шүүхээр танай ТББ-ын талд шийдвэр гарсан үед энэ маргаан гарчээ. Тэгэхээр дээд байгууллага болох БОАЖЯ-даа хандсан уу? Ямар хариу ирүүлсэн бэ?
  • Бид 2019 онд БОАЖЯ-нд “6 угалз агнах хүсэлт” явуулсан. БОАЖЯ-наас 10-г баталсан. Яамнаас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай байгуулагатай хамтарч ажиллахаа албан бичгээр илэрхийлсэн. Яамнаасаа “том толгойтой” Засаг дарга байгаагийн илрэл энэ болж байгаа юм.

Эх сурвалж: Zarig.mn

 

 


2019-06-17 12:22:54