О.ДӨЛГӨӨНИЙ БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ ЭХЭЛЖЭЭ

АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал сайжирч байгаа талаар түүний найз охин нь цахим хуудсандаа өнөөдөр өглөө нийтэлжээ.

Тодруулбал, тэрээр “Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай, та бүхэндээ маш их баярлалаа баярлалаа баярлалаа” гэжээ.

Одоо түүнийг 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах том хагалгаа хүлээж байгаа юм. Түүний хагалгааны төлбөрийг цуглуулахаар элэг нэгт монголчууд нь нэгдэж, хандивийн аяныг өрнүүлж байгаа.

Дашрамд, О.Дөлгөөнд зориулсан Монголын шилдэг 4 багийн тоглолтын билет зарагдаж эхэлсэн тул үзэхийг хүссэн хүмүүс  билетээ ProLive тоглоомын төвийн салбаруудаас авах боломжтой юм байна. Монголын сагсан бөмбөгийн шилдэг багуудын хандивын тоглолт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд СТО-ны А зааланд 18.00 цагаас эхлэх юм байна.

 


2019-07-02 16:47:42