Нүүрсний “нүүдлийг” хөтлөх Гашуунсухайтын зам бүтэн болов

"Манай "Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаад дөнгөж 10 жил л болж байгаа. Одоогийн тогтоогдсон нөөцөөрөө 100 жил, магадгүй түүнээс ч цааш ирээдүй нь бичигдэх ийм ордыг монголчууд маань өөрсдийн хүчээр удирдаж, өөрсдийн хүчээр ашиглаж байгааг харах бахархалтай санагддаг. Манай уурхайчид мундаг байгаа биз” гэсэн яриаг тус компанийн дарга, удирдлагаас бус жирийн нэг ажилтных нь амнаас сонсож суухдаа уншигч танд хүргэх өнөөдрийн мэдээлэлтэй танилцаж амжаагүй байсан гэдгээ юун түрүүнд тодотгоё.

 

Учир нь, арван жилийнхээ босгон дээр жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох болсон "Эрдэнэс Тавантолгой” компаниас 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хурдхан шиг авах тухай л бодож санадгаас бус ирээдүйн капитал хөрөнгө нь юу вэ, үр ашиг нь хэрхэн өсч үржих боломжтой вэ гэдэг талаар төдийлөн бодож, санаагүй явсан ч байж мэдэх юм. Яг л УИХ-ын сонгуулийн амлалт, улстөрчдийн поп мэдэгдлүүдийн нэгэн адил өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэгчлэн 1072 хувьцаа бол яах аргагүй таны болоод миний хувьд онцгой чухал сэдэв байсаар ирсэн нь үнэн. Магадгүй хойшид ч ногдол ашиг тойрсон энэ сэдэв дуусахгүй нь ойлгомжтой.

 

Гэхдээ энэ удаад 1072 хувьцааны өнөөдрийн ногдол ашгаас илүүтэй маргаашийн үнэлэмжийг нь зайлшгүй нэмэх, "Эрдэнэс Тавантолгой” компанийн эд эс болсон жолооч, ажилтан ажиллагсдынх нь эрүүл мэндийг хамгаалахад дэм болох томоохон бүтээн байгуулалтын тухай мэдээллийг хүргэе. Учир нь, хэдийгээр тус компанийн ТУЗөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Зүүнбаянгийн төмөр замын санхүүжилтэд орлого ашгаа зориулах шийдвэр гаргасан ч 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгосон гол зорилгоо орхигдуулахгүй гэдгээ баталж, Тавантолгойн ордоос хилийн бүс хүртэлх Гашуунсухайтын замыг бүтэн болгох үүднээс өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр 8.2 км замын нээлтийг хийсэн юм.

 

Ингэснээр Тавантолгойн ордоос олборлож буй нүүрсийг тээвэрлэж, Гашуунсухайтын замаар экспортод хүргэж байгаа 13 мянга гаруй тээврийн хэрэгслийг жолоодогчид нэг ч метр газар шороон замаар явах шаардлагагүй боллоо гэсэн үг. Үүний үр дүнд тоосжилтын улмаас буюу үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас осол аваар гардаг нөхцөл байдал үгүй болно. Жолооч, инженер техникийн ажилтнууд гээд зам дагаж ажиллах нийт ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн эрсдэл буурна. Энэ тухай уг замын нээлтийн үеэр "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирал "Энэ зам олон талын ашигтай байх болно. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой. Хоёрт, тээвэрлэлтээс болж говийн хөрс элэгдэж, орчны тоосжилт ихтэй. Тиймээс сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад багагүй үүрэг гүйцэтгэнэ.

 

 

 

 

Гуравт, говийн экологийг хамгаална” хэмээн тайлбарласны зэрэгцээ "Гол нь манай компанийн бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй. Ингэхдээ юун түрүүнд Ханги-Мандалын замыг концессын гэрээгээр бариулна. Мөн нүүрс тээвэрлэлтийн жолооч нарт зориулсан амралтын ложистик байгуулах ажлаа ч мөн эхлүүлсэн. Удахгүй нүүрс баяжуулах үйлдвэр, усан байгууламжийн төслүүдийн Техник, эдийн засгийн үзүүлэлтийг батлуулна” гэдэг давхар давхар бүтээн байгуулалтын мэдээллийг өгсөн юм. Ямартай ч, Монголдоо уул уурхайн зориулалт бүхий хүнд даацын зам барих туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн "Арж капитал” компанийн зүгээс дээрх 8.2 км замыг хүлээлгэн өгснөөр Тавантолгойн нүүрсний ордоос эхлэх Гашуунсухайтын зам бүтэн боллоо. Мөн энэхүү замын араас нээлтээ хийх, үүд хаалгаа хийх шинэ, шинэ бүтээн байгуулалт ч үргэлжилнэ гэдэг амлалтандаа хүрнэ гэдгээ "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд дахин зарлалаа. Байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 50 сая гаруй тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын топ 100 татвар төлөгч компанийг татвар төлөлтөөрөө өнгөлж яваа тус компанийн жолооч нарын нэг Ж.Нямбаяр уг замын нээлтийн үеэр "Шороон замаар явахад тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал учраас эрсдэл их байдаг. Эрүүл мэндийн хувьд ч хохиролтой нь тодорхой.

 

Харин нүүрсний бүс нутагт энэ зам ашиглалтад орсноор Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт явуулахад эрсдэлгүй болж, жолооч бидний эрүүл мэндэд ч тустай. Мөн автомашины эвдрэл гэмтэл ч бага байх нь тодорхой. Иймд ажиллахад урамтай сайхан болж байна аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд энгийн ээлжиндээ өдөрт 600 орчим машин тээвэрлэлтэд гардаг бол, ид ачааллын үед 1000 орчим машин нүүрс зөөвөрлөдөг гэж бодохоор энэ тооны жолоочийн аюулгүй ажиллагааны баталгаа хангагдлаа гэж үзэж болох юм. Тэр дундаа тэдний хичээл зүтгэлийн үр дүнд "Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт эхэлсэн цагаасаа хойш 50 сая гаруй тонн нүүрсийг дэлхийн зах зээлд нийлүүлж, төрийн өмчит хамгийн том хүчирхэг компани болсон гэж бодохоор яах аргагүй бахархалтай сайхан. Гэхдээ бүтээн байгуулалт зөвхөн тээвэр ложистикийг хөтлөх зам дагаж бус орон нутгийн нийгмийн хариуцлага, говь нутгийн эко бүтцийг хамгаалахад чиглэж буй тухай сайхан мэдээг ч энэ үеэр дуулгасныг мөн эцэст нь дайя.

 

 

 

 

 

 

Энэ бол "Ногоон говь” хэмээн нэрийдсэн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр босох их говийн цэцэрлэг. 85 мянган га талбайг хамарч, 100 мянга гаруй мод, модлог ургамал суулгаж, үрслүүлэн үржүүлэх зорилготой уг төслийн хүрээнд өдгөө аль хэдийнэ 28 мянган мод тариад амжсан. Цэцэрлэгчид болоод нутгийн иргэдийн хичээл зүтгэл, чин сэтгэлийн үр шимээр өдрөөс өдөрт нар тосон ургаж буй тэр л модлог ургамлын бүс нутаг төд удахгүй их говийн баянбүрд, хүчилтөрөгчийн эх үндэс болно. Тэр хэрээр, Тавантолгойн орд газарт хийх нөхөн сэргээлтийн анхдагч өлгий, туршлага хуримтлуулах ногоон бүсийн лаборатори болох учиртай. Нүүрсээ олборлохтойгоо зэрэгцэн нөхөн сэргээлтийн ногоон ой тариулж эхэлсэн "Эрдэнэс Тавантолгой”-н дараагийн бүтээн байгуулалт нь баяжуулах үйлдвэр. Бүтээн байгуулалт, бүтээн байгуулалт бас дахин бүтээн байгуулалт.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

2019-07-05 14:08:02