"НАСНЫ ХИШИГ" ОЛГОХ ЖУРАМ

Жил бүрийн Цагаан сар болон Үндэсний баяр наадмын өмнө 65 нас хүрсэн ахмадад “Насны хишиг” олгодог. Энэ жил  160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, Улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог. Хэрэв анх удаа “Насны хишиг” авч буй ахмадууд гэрээтэй банкинд эхний удаа өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ингэхдээ шинээр данс нээлгэх эсвэл тухайн банкин дахь өөрийн дансаараа “Насны хишиг”-ээ авах хүсэлт гаргаснаар дахин банкинд очих шаардлагагүй юм.

-Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
-Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
-Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
-Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.


2019-07-06 12:28:12