НААДМЫН ЦЭНГҮҮНИЙ ДАРАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧИЛНЭ

НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулах  “Дээлтэй Монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Нийслэлийн захирагчийн албанаас энэ оны зургадугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон ажиллажээ. Наадмын  бэлтгэл ажил хангагдсан гэдгийг зохион байгуулагчид мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Энэ талаар Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: “Тулгар төр байгуулагдсны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Нийслэлийн захирагчийн албанаас дөрвөн томоохон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг маргааш буюу долоодугаар сарын 10-нд зохион байгуулагдах “Дээлтэй Монгол” наадам юм. Долдугаар сарын 11-нд 21 цагаас “Улаанбаатарын үдэш, Эх орноо магтан дуулъя” цэнгүүн болно. Энэ шоу тоглолт наадмын хоёр өдөр Сүхбаатарын талбайд болох юм. Долоодугаар сарын 13-нд ДБЭТ “Best of classics Pop Opera Live Concert”-ийг зохион байгуулна” гэлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадмын талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн В.Батчимэг: “Уг наадам нь үндэсний баяр наадмын хөтөлбөрийн бага наадам хэмээн зохион байгуулагддаг. Энэ жил бид “Дээлтэй Монгол” наадмыг 13 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. энэ жилийн гадна дотноос оролцогчид нэмэгдэж ирсэн онцлог болж байна. Тухайлбал ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөлөл оролцож байгаа юм” гэв.

Үндэсний баяр наадмаар зохион байгуулагдах эдгээр арга хэмжээний дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд, 18 автобус иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэх аж.

“А зогсоол буюу талбайн урд хэсгээс Шар хад, Улиастай, Офицеруудын ордон, Сэлбэ, Жанжин клуб гэсэн чиглэл,

С зогсоол буюу Тамгын газрын урд талаас Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Тахилт, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг гэсэн чиглэл,

В зогсоол буюу СТӨ зогсоолоос Хайлааст, Чингэлтэй,  Хороолол, Баруун салааны чиглэлд тус тус үйлчилнэ” гэж Нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Д.Галбадрах мэдээллээ.АРДЧИЛАЛ.МН


2019-07-09 12:45:13