Б.ГАНБАТ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ БИШ

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид, тус төвийн дарга Ө.Батжаргалын ажлыг хууль бусаар булааж авсан хэмээн өнөөдөр /2019.07.22/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн поликлинекийн тасгийн Хэт авиа оношилгооны их эмч Б.Ганбат: “Энэ оны долдугаар сарын 10-нд буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий хоёр хүн манай байгууллага дээр ирж, Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалын ажлыг булаан авч, хууль бус үйлдэл хийлээ. Энэ өдөр байгууллагын нэр бүхий ажилчид төрийн одон медалиар шагнуулж, хамт олонтойгоо баяраа хуваалцаж байхад ийм бусармаг үйлдэл гаргасан. Тодорхой үндэслэл шалтгаангүйгээр баяр наадмын өдрүүдтэй давхцуулан ажлын байрыг хууль бусаар авсан нь улс төрийн зорилготой шийдвэр гэж хардаж байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайн авч яваа хүний ажлыг хууль бусаар авах шийдвэр гаргасан нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, даргыг буцаан ажилд нь томилох хүсэлтийг БГД-ийн эрүүл мэндийн төвийн нийт 460 гаруй эмч, ажилтан гаргаад байна.

Мөн энэ хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Л.Төмөрбаатар, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  БГДүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарт Ө.Батжаргалыг ажилд нь эгүүлэн томилж,  хуулийн хугацаанд хариу тайлбар хүргүүлэх тухай шаардах бичиг хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрүүл мэндийн салбар нь улс төрчдийн тоглоом биш. Шинээр томилогдсон н.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн даргаар ажиллаж байсан.  БГД-ийн 6-р хорооноос хоёр ч удаа сонгуульд нэр дэвшсэн, МАН-ын гишүүн, улс төрч хүн. Харин манай хуучин дарга Ө.Батжаргал улс төрөөс хол хөндий, эрүүл мэндийн салбарт амь, амьдралаа зориулж байгаа. Ө.Батжаргал дарга бол анхнаасаа хүүхдийн  дуудлагын эмчээс эхэлж, дарга болтлоо ажилласан. БГД-ийн эрүүл мэндийн салбарт түүний хийсэн зүйл өндрөөр үнэлэгддэг. Бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дурангийн мэс заслыг манайхаас өөр аль ч дүүрэг хийхгүй байгаа. Энэ бол Ө.Батжаргал даргын, түүний бүрдүүлсэн баг хамт олны гавьяа. Манай дүүргийн эрүүл мэндийн салбар уналтад орчихсон бол хамаа алга. Гэтэл хамгийн амжилттай яваа, хийсэн бүтээсэн зүйлтэй энэ дүүргийн удирдлагыг сольж, битгий самраач гэж шаардаж байна. Мөн бид эрүүл мэндийн салбарын томилгоог мэргэжлийн хүнээр байгууллага дотроосоо сонгодог байя гэх уриалгыг дэвшүүлж байна” гэв.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 


2019-07-22 16:07:44