Б.ХУРЦ, Г.ЭРДЭНЭБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

НЭМЭЛТ   2019-07-23 16:20

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр 14.45 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд эхэлсэн.  Гэвч  уг шүүх хурал наймдугаар сарын 12-ныг өдрийг хүртэл хойшилжээ. Учир нь шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул хойшлуулах шийдвэр гаргасан байна.

НЭМЭЛТ:

Өдрийн 14:00 цаг хүртэл хойшлоод байсан шүүх хурал дахин эхэллээ. Одоогийн байдлаар шүүх хурлын шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байна.

Харин шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, гэрчээр Б.Булган, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан талаар мэдээлсэн. Энэ дагуу Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байна.

НЭМЭЛТ:

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болсон ч 14.00 цаг хүртэл хойшлоод байна. 

Учир нь ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд оролцуулахын тулд хорих ангиас авчрахаар болжээ. Тиймээс Ц.Амгаланбаатарыг ирэх хүртэл шүүх хурлыг 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Шүүх хурал завсарламагц генерал Б.Хурцаас  сэтгүүлчид "Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү" хэмээн асуухад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Юу гэж. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гээд машиндаа суугаад явжээ. 

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, гэрчээр Б.Булган, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцоно. 

НЭМЭЛТ: 2017.07.23 09 ЦАГ 30  МИНУТ

-С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Хурал 10:00 цагаас товлогдсон.

Дөнгөж сая буюу 09:20 цагийн үед шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх хуралд оролцохоор ирээд байна. 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.07.23/  10.00 цагт эхлэх байсан ч цагаасаа үл ялиг хоцорч эхэллээ.

Б.Хурц нарыг дараах зүйл ангиар шалгаж буй.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

АРДЧИЛАЛ.МН

 

 


2019-07-23 10:02:55