ЯПОНД ХЭТ ХАЛАЛТЫН УЛМААС 57 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Японд хэт халалтын улмаас 57 хүн амиа алдаж, олон мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Онцгой байдлын албанаас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Япон улс даяар хэт халж, 18 мянга гаруй хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тэдний талаас илүү нь 65 болон түүнээс дээш насны иргэд байсан гэнэ.

Тус улсын зарим бүс нутагт борооны улирал дууссаны дараа Цельсийн 39 градуст хүртэл халж байна. Мягмар гарагийн өглөө эрчим хүчний тасалдлын улмаас хэд хэдэн галт тэрэгний агааржуулагч ажиллахаа больж, есөн хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн галт тэргэнд амьсгалах аргагүй болсон 900 зорчигчийг эхний өртөөн дээр буулгаж, өөр галт тэрэг рүү шилжүүлсэн байна.

Японы эрх баригчид хэт халуун үргэлжилж байгаатай холбоотойгоор шингэн зүйл уух, нарны малгай өмсөх, хурц наранд удаан явахгүй байхыг анхаарууллаа. Өнгөрсөн жил Японд хэт халалтын улмаас 150 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Эх сурвалж: Scmp, Tass


2019-08-07 17:10:10