НОСК: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ХЭН НЭГЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар бүртгэж энэ сарын 8-нд дууссан. “Буянт Ухаан 2” 972 айлын орон сууцад хамрагдах хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 4700 нь энгийн түрээс, 30000 нь түрээслээд өмчлөх хэлбэрээр бүртгэлд хамрагдсан байна. Түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулах явцын талаар НОСК-аас өнөөдөр  /2019.08.09/ мэдээлэл хийлээ.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:

НОСК-ийн мэргэжилтнүүдэд нөлөөлөхийг оролдож байна“Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж, эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонголоо. Энэ хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл суусан. Комиссын хуралдаан нээлттэй болж байгаа учраас хэвлэл мэдээлэл болон ТББ-ууд хуралдаанд орж ирж суух, ажиглах боломжтой. Харин хуралдааны үйл явцыг бичлэг хийхийг хориглож байгаа. Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа учраас бичлэг хийх боломжгүй. Мөн комисст сууж байгаа гишүүд рүү утсаар ярих, мессэж бичих зэргээр нөлөөлөх гэж оролдож байгаа учраас бичлэг хийлгэхгүй байхаар болсон. Түүнчлэн иргэд сонгон шалгаруулах явцыг үнэн бодиттой явж чаддаггүй гэсэн асуудлыг ярьдаг. Энэ удаагийн сонгон шалгаруулалт ямар нэгэн гаднын нөлөөгүй хэнд ч давуу эрх олгохгүйгээр шударга явагдаж байгаа. Тухайлбал залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэр дээр 4082 иргэн бүртгүүлсэн. Үүнээс түрээслээд өмчлөх дээр 58 иргэн энгийн түрээс дээр 58 гэр бүл орох боломжтой.  4082 иргэнээс 1356 нь эхний шалгуурт тэнцээгүй тул  сонгон шалгаруулалтад орох боломжгүй болсон. Учир нь эдгээр иргэд Улаанбаатар хотод байнга оршин суудаггүй, гэр хороололд инженерийн шугамд холбогдсон өөрийн сууцгүй байх, тогтмол орлоготой, чанаргүй зээлийн түүхгүй байх, өмнө нь түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаагүй байх гэсэн эхний шалгуурт тэнцээгүй.

Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд нийгмийн даатгал төлсөн хугацаагаар, гэр хороололд амьдарч буй агаарын чанарын бүсчлэлээр, хүүхдийн тоогоор нь гэх гурван үзүүлэлтээр нь эрэмбэлнэ. Нэг иргэний жишээ авахад 418 гэсэн кодтой, 16 жил нийгмийн даатгал төлсөн, агаарын чанарын нэгдүгээр бүсчлэлд амьдардаг, таван ам бүлтэй, гурван хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амьдардаг, гэрлэсэн эмэгтэй хамгийн эхэнд тэнцээд байна. Энэ мэт иргэдээ сонгон шалгаруулсны дараагаар эх материалаа авч ирэхийг шаардна. Иргэд мэдээллээ буруу бөглөсөн тохиолдолд хар жагсаалтад оруулж, дараагийн хүний оруулах зарчмаар явна. Залуу гэр бүл ангиллын 58 квотод хамгийн доод тал нь 12 жил нийгмийн даатгал төлсөн иргэн хамрагдсан байгаа гэдгийг хэлье. Гурав юм уу таван жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн энэ ангилалд багтах ямар ч боломжгүй байна. энэ мэтчилэн сонгн шалгаруулалт журмын дагуу явагдан. Сонгон шалгаруулах комисс одоо үргэлжлүүлэн хуралдаад өнөөдөр гэхэд иргэдийг шалгаруулж дуусгах төлөвлөгөөтэй байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд утсаар мэдэгдэнэ” гэлээ.

 Мөн энэ үеэр Түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж иргэдийг луйвардсан асуудлууд гарч байгаа. Шалгаруулалт иргэдэд нээлттэй, асуудалгүй явж байгаа энэ үед хохирч байгаа иргэд хууль хяналтын байгууллагад яаралтай хандаарай. Бүртгэлтэй холбоотой хэн нэгэнд давуу эрх олгох ямар үндэслэл байхгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Ардчилал.мн                           

Б.Бадралмаа


2019-08-09 16:55:19